ДАРХАН-УУЛ: Дутуу нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх хэрэгтэйг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-17 19:20:03

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  Жил бүрийн энэ өдөр  буюу 11 дүгээр сарын 17 дутуу төрөлттэй холбоотой бэрхшээлийг ойлгоход чиглэсэн дэлхийн дутуу нярайн өдөр юм. Дутуу төрсөн гэдэг нь жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ямар ч цагийг хэлнэ. Дутуу төрсөн нь эрүүл мэндийн асуудал үүсгэж болзошгүй бөгөөд энэ бүхэн хувь хүний ​​нөхцөл байдал, хүүхэд хэр эрт байгаагаас хамаардаг аж.


Дэлхийн дутуу нярайн өдрийг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлгийн Нярай судлалын тасгаас дутуу нярайд үзүүлэх тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал болон цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.




Уг танилцуулах уулзалтад аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга,  Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат болон ӨЭМТ-ийн удирдлагууд оролцлоо. Танилцуулгын эхэнд дэлхийн болон улсын хэмжээнд дутуу нярайн төрөлт, түүний мэдээллийг танилцууллаа.



Дархан-Уул аймагт 2024 оны байдлаар нийт 1800 гаруй эх амаржсан бөгөөд үүнээс 50 орчим нь дутуу нярай байснаас зургаа нь эндсэн харамсалтай тохиолдол бүртгэгджээ.




Аймгийн нэгдсэн эмнэлгийн нярайн тасгийнхан энэ онд 630 гр жинтэй дутуу төрсөн нярайд 14 хоног анхны тусламжийг амжилттай үзүүлэн ЭХЭМҮТ-рүү шилжүүлсэн байна.


Цаашид дутуу төрөлтөөс сэргийлэх, эх, нярайн эрүүл мэндийг дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг нярайн эмч нар онцолж байна. Эрүүл хооллолт, зөв дадал хэвшилд суралцах, жирэмсэн болсноосоо эхлэн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарах бус эрүүл биеэс эрүүл хүүхэд гэдгийг ойлгож тогтмол үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй аж.


Цаашид эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, найдвартай эм тариагаар хангах зэрэгт онцгой анхаарч дутуу нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад шийдвэр гаргах түвшинд бодлогоор дэмжих нэн шаардлагатайг нярайн тасгийн эмч, мэргэжилтнүүд онцолж байлаа.




Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудад ашиглагддаг нярайн уушги тэлэх амьсгалын орчин үеийн аппаратаар нярайн тасгуудаа хангаснаар тусламж үйлчилгээнд ахиц гарахын зэрэгцээ үр дүнд нь олон нярайд амьдрал бэлэглэх, гэр бүлд баяр хөөр  аз жаргал авчрах боломжтой гэдгийг тодотгож байна.


Ташрамд Монгол улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83 хувь нь нялхсын эндэгдэл, үүнээс 54 хувийг нярайн эндэгдэл эзэлж байна. Дэлхий дээр жил бүр 15 сая хүүхэд дутуу тээлттэй төрдөг. Энэ нь дунджаар 10 хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж буй судалгаа байдаг аж.

Связанные новости