ДАРХАН-УУЛ: Ухаалаг тоолуур суурилуулснаар усны алдагдлыг багасгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-12 09:55:46

Дархан, 2025  оны арваннэгдүгээр сарын  12 /МОНЦАМЭ/. Ухаалаг тоолуурын гуравдугаар ээлжийн 5000 ширхэг тоолуурыг баталгаажуулж дуусжээ. “Дархан-Ус Суваг” ХК нь “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.


Энэ хүрээнд 15000 ширхэг ухаалаг тоолуурыг баталгаажуулж өрхүүдэд суурилуулах юм. Өнөөдрийн байдлаар 10.000 ширхэг тоолуурыг суурилуулж дууссан бөгөөд баталгаажуулалт дууссан 5000 ширхгийг удахгүй суурилуулахаар бэлтгэж байна.


Төслийн хүрээнд уг тоолуурыг Стандарт хэмжилзүйн хэлтсийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын мэргэжилтэн Н.Түмэнцэцэг, С.Хангай нар хийж гүйцэтгэжээ.




Ухаалаг тоолуурыг өрхүүдэд суурилуулснаар хэрэглэгчдийн усны хэрэглээг илүү нарийн, хөндлөнгийн нөлөөгүйгээр тооцох, усны алдагдлыг багасгах, менежментийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.


Ташрамд, "Дархан-Ус суваг" ХК нь 17017 өрх, 1556 ААНБ-ыг цэвэр усаар хангаж, бохир усыг татан цэвэршүүлж байгальд нийлүүлдэг. 2-3 жилд нэг удаа тоолуурыг баталгаажуулдаг. Хэрэглээнээс хамаарч ухаалаг тоолуурыг өрхөд 1-3 ширхгийг суурилуулжээ.

Связанные новости