ДОРНОД: Бүх цэргийн жанжин Д.Лхагвасүрэн нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдыг урлагийн замд хөтөлсөн түүхтэй

ФОТО МЭДЭЭ
167@montsame.mn
2025-11-17 19:13:29

Чойбалсан, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Бүх цэргийн жанжин Ж.Лхагвасүрэн 1947 онд Дорнод аймгийн Баян-Уулын Эрээний тэрэгний үйлдвэртэй танилцаад буцахдаа Цагаан-Овоо сумаар дайрчээ. Энэ үеэр Г.Дарамзагд хүү “Унтаж хоцорсон унаганы гомдол” дууг нүдэндээ нулимс цийлэгнүүлэн дуулахтай таарчээ. Нутгийнхнаас учрыг асууж, өнчин хүү гэдгийг нь мэдээд, “Энэ их авъяастай хүүхэд байна. Цэргийн клубт дуучин болгоно” гэснээр түүнийг урлагийн замд хөтөлсөн түүхтэй.

Г.Дарамзагдын аав лам хүн байсан учраас их хэлмэгдүүлэлтэд өртөж, тухайн үед хэцүүхэн амьдарч байсан тухай түүний охин, “Дарамзагд урлагийн сан”-гийн тэргүүн, доктор Д.Оюун дурсаж сууна.


Нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Гончигдамбын Дарамзагдын мэндэлсний 95 жилийн ойн нэрэмжит мэргэжлийн дуулаачдын уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт маргааш болно. Уралдаанд Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн чуулга, СУИС, Монгол Улсын Консерватори, Сити их сургууль зэрэг мэргэжлийн байгууллагуудын дуучид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы дуучид оролцож байна.


“Өргөн Сэлэнгэ”,Чи минь битгий мартаарай”, “Орчлонд бид азтай төржээ”, “Миний эх орны өглөө”, “Хулан хонгор” зэрэг дууных нь нэрийг хэлэхэд л ая нь сэтгэлд буудаг олон сайхан уран бүтээлүүдийг Г.Дарамзагд агсан туурвиж байжээ.