Г.Должинсүрэн: Дотуур уланд шир, эсгий, нэхийгээ хавчуулдаг болохоор чийг татдаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-07 18:55:08

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг “Өв монгол угалз” цехийн үүсгэн байгуулагч, гутал үйлдвэрлэгч Г.Должинсүрэнтэй ярилцлаа.


-Та хэзээнээс гутал урлаж байна вэ, анх яаж сурч байв?

-1990-ээд оны эхэн үед нийгмийн тогтолцоо зах зээл рүү шилжин ажил олдохгүй, амьдрал хүнд байсан шүү дээ. Тэгэхэд амьдралын шаардлагаар гутал оёж сурч байлаа. Манайх н.Цэдэндорж гээд нэг өвгөнийхтэй айл. Тэр хүн монгол гутал урлаад хонь малаар борлуулж, амьдралаа болгоод явдаг болохоор нь гутал хийж сурвал болох юм байна гэж бодоод дэргэд нь хараад суучихна. Надад тэгж оёно, ингэж шивнэ гэж ерөөсөө зааж өгөөгүй, харсаар байгаад л сурчихсан. Тэгээд хуучин гутлын түрийгээр хүүхдийн монгол гутал хийсэн маань хөөрхөн болж, ямаагаар зарчихаж байсан юм. Түүнээсээ урамшаад дахиад хийсэн. Ингээд 30 гаруй жил гутал урлаж байна.


-Ерээд онд хувиараа гутал хийх байтугай, гутлын том үйлдвэрүүд нь дампуурчихсан биз дээ?

-Тийм ээ, манай улс гутлын иж бүрэн аж үйлдвэртэй байдаг байсан. Миний хувьд өмнө нь гутлын үйлдвэрт ажиллаж байгаагүй, сургууль соёлыг нь ч төгсөөгүй. Хувиараа дөнгөж сурч байсан болохоор олноор хийж чадахгүй, сард бараг нэг л гутал гаргадаг байлаа. Гэхдээ гутал хийх нь надад оноогдсон тавилан бололтой. Энэ олон жилийн турш ганцхан энэ ажилдаа үнэнч байж хүчин зүтгэж ирлээ.


-Хүнээр заалгалгүй, шууд оёсон гэхээр гарын уртай, ер нь юм оёдог л хүн байж дээ. 

-Би чинь айлын бага гээд хөх зүү хөндлөн барьж үзээгүй л явсан. Гэхдээ гарын ур ээжийн талаас өвлөгдөж ирсэн гэж боддог юм. Монгол гутал урладаг хүн ч байсан юм билээ. Би дээрээ хоёр ах, хоёр эгчтэй. Нэг ах маань өөд болсон. Бусад нь бүгд л нутаг орондоо мал маллаад амьдарч байна. Том том бүтээл хийж, үйлдвэрлэл эрхлээгүй ч бүгдээрээ л гарын эв дүйтэй. Нэг эгч маань “уран” гэж хэлэгддэг, дээл хувцас сайхан хийнэ.

Ер нь бол хэчнээн ур авьяас байлаа гээд хөдөлмөрлөхгүй бол үр дүнд хүрэхгүй. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр байж амжилтад хүрнэ гэдэг шүү дээ. Гэхдээ нэг хувийн авьяас нь байхгүй бол бас нэмэргүй байх.


-Та аль нутгийн хүн бэ?

-Нарийнтээл сумын Шарга багт төрсөн. Сумандаа 8 дугаар анги төгсөөд Баянхонгор руу барилгын ТМС-д суралцсан. Дараа нь гэр бүл зохиож, Арвайхээр суманд шилжиж ирээд 30 гаруй жил суурьшин амьдарч байна.


-Одоо хэдэн төрлийн гутал үйлдвэрлэж байна вэ? Хамгийн сайн борлуулалттай гутлаа нэрлэвэл...

-Эхэндээ буриад, монгол гутал хийж, түүнийгээ улам баяжуулан “яавал хүнд гоё харагдах вэ” гэж бодоод өнгө, загварыг өөрчилж хийдэг байсан. Сүүлдээ европ хэв маягт оруулж, орчин үеийн гутлууд хийж эхэлсэн дээ. Ерөнхийдөө 30 орчим төрлийн гутал урлалаа.


Хүмүүс уламжлалт хийцийн ээтэн гутлыг илүү хээ угалз ихтэй, гоё хэлбэртэй хийлгэж байна. Хүүхдүүдийн сурагч гутлыг өвлийнх бол эсгий нэхийгээр, хавар намрынх бол арьсаар доторлоод ямар ч хувцсан дээр өмсөхөд тохиромжтой байдлаар хийж байгаа.


Адууны арьсан гутал, оффис зориулалттай эрэгтэй, эмэгтэй ботинкууд, тимберланд, мартиз загварын болон өвлийн түрүүтэй, үстэй гутлууд гээд бүх төрлөөр л хийж байна. Манай аймаг бүжгийн клубууд ихтэй учраас бүжигчдийн гутлын захиалга их ирдэг. Одоо гэхэд 20 гутлын захиалгатай сууна. Мөн орос хромоор гоёлын гутал хийж байгаа.



-Таны гутлууд үйлдвэрийн юм шиг гоё хийц загвартай, бас чанар сайн.

-Би 30 гаруй жилийн турш гутал оёж ирсний гол учир нь манай хэрэглэгчид юм. Захиалга тасрахгүй байна, дээр нь “таны гутлыг л авъя, танай гутал сайн, танайхаар гутал хийлгээд олон жил өмслөө” гэж байнга урамшуулж байдаг болохоор илүү сайхныг хийгээд өгчих юмсан гэх хүсэл тэмүүлэлтэй явж ирсэн. Нэг захиалга өгч хийлгэсэн хүн дараа заавал дахиж ирдэг. Эсвэл хэн нэг хүнийг дагуулаад ирдэг.


-Дандаа монгол арьс ширээр хийж байна уу?

-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бат бөх чанарыг бодолцоод аль болох малынхаа арьс шир, эсгий, нэхийгээр хийдэг. Монголд үйлдвэрлэж байгаа арьс заримдаа чанарын шаардлага хангадаггүй. Суналт ихтэй, будаг халцрах нь их. Тийм болохоор орос, солонгос, урдаас арьс шир авдаг. Харин бидэнд хамгийн тулгамдаж байгаа зүйл бол гутлын ул байгаа юм. Манайд ул үйлдвэрлэдэггүй болохоор орос резинээр ул хийнэ, эсвэл хятадаас бэлэн ул авна. Гэхдээ манай гутлууд чийг татахгүй л дээ. Дотуур уланд нь шир, эсгий, нэхийгээ хавчуулдаг болохоор чийг татдаггүй юм. Арьс өөрөө амьтай.

Үйлдвэрийн аргаар элдсэн нэхий бас учир дутагдалтай байдаг. Химийн бодисоор угаачихаар тэгдэг юмуу, дулаахан амин чанар нь байхгүй болчихсон байдаг. Хуучны шар сүүнд дэвтээгээд гараар элдсэн нэхий бол маш дулаахан. Одоо тийм нэхий олдохоо байжээ. Харин үйлдвэрийн эсгий нь гар аргаар хийсэн эсгийнээс цэвэрхэн, бас дулаахан байдаг юм.


-Адууны арьсан гутал годонгоос ялгаатай юу, чанарын хувьд хэр зөрүүтэй вэ?

-Ялгаагүй, яг адилхан. Годон гутал ч бай, адууны арьс ч бай, тухайн хүнийхээ хэрэглээнээс л хамаарч элэгдэнэ. Бараг адууны арьсан гутлыг илүү чанартай гэж хэлнэ. Годон гутал засуулах гэж их ирдэг. Цааны шилбэний арьсаар хийдэг гэх боловч их биений арьсаар хийсэн, муудаж илжирсэн гутлууд л байдаг. Гадны тийм юм шүтэж, өчнөөн мөнгөөр авахын оронд өөрсдийнхөө адууны гутлыг авсан нь дээр. Ядаж үндэсний үйлдвэрлэл хөгжинө шүү дээ. Гадаадын гутал гэхээр чанартай, дотоодынх муу гэсэн ялгаа байхгүй. 1.8 саяар орос хром авсан ч хэдхэн сар өмсөөд дуусгачихсан хүн байна. Өөрсдөө гутлаа хэр гамтай өмсөнө, түүнээсээ л хамаарна.



-Орос хромон гутал ч зах зээлд үнэтэй. Харин танайх боломжийн юм. Ер нь гутлуудынх нь үнэ хэд орчим байдаг вэ?

-Манайх Оросоос яг тэр гоёлын хромны арьсыг авчирч хийдэг ч гэсэн дээд тал нь 550 мянган төгрөгөөр л борлуулдаг. Өндөр үнэ хэлж, өөрөө мөнгө олохоос илүү худалдан авагчийнхаа боломж, нөхцөлийг ойлгохыг чухалчлах юм даа. Манай гутлууд 250 мянгаас 550 мянгын хооронд үнэлгээтэй. Чанартайгаа харьцуулахад маш хямд. Гэтэл урдаас орж ирж байгаа арай чанартай тимберландыг оргинал гээд хэдэн саяар худалддаг. Ледрин гэгддэг сайжруулсан арьсан хятад гутлууд 100 мянгаас дээш үнэтэй байна. Эд нарын дэргэд манай гутлууд эдэлгээ сайн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, арьс ширэн гутлууд шүү дээ.


-“Өв монгол угалз” цех хэдэн ажилтантай вэ? Сард хэдэн гутал гаргаж байна?

-Хүүхдүүдтэйгээ гурвуулаа ажиллаж байна. Сард дунджаар гуч орчим гутал гаргана. Охин оёдог, бага хүү оёхоос бусад бүх технологийг хийдэг. Хүүхдүүд маань миний энэ ажлыг сураад үргэлжлүүлэн авч явж байгаа нь миний хамгийн том бахархал юм. Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь айл гэр болоод тусдаа гарсан. Бага охин 10 дугаар анги.

Хүн сургаад ажиллуулъя гэхээр шантраад явчихдаг. Залуучууд бол сурах ч сонирхолгүй юм шиг байна лээ. Гутлын үйлдвэрт ажиллаж байсан ахмад хүмүүс хааяа ирж сонирхож байгаад явдаг юм. Орчин үеийн гутлын загвар, тоноглолыг мэдэхгүй, тоног төхөөрөмж дээр ажиллаж чадахгүй гэдэг. Манайд захиалга их ирдэг, ачааллаа дийлдэггүй. Ажиллах хүч л цөөдөөд байх юм.



-Гар аргаар гутал үйлдвэрлэхэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх тал бий юу?

-Байлгүй яахав. Орчин их чухал. Бидэн шиг үйлдвэрийн том байргүй, жижиг өрөөнд гутал оёх нь тоос шороо, арьс ширний үнэр, цавуу гээд эрүүл мэндэд сөрөг зүйл багагүй байдаг. Миний хувьд олон жил гутал оёсны нөлөөгөөр нүдний хараа муудах, толгой өвдөх гэхчлэн асуудал гарч байна.


-Ер нь эмэгтэй хүн гутал урлах нь арай чангадсан ажил шиг санагдах юм.

-Чанга нь чанга. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн цаанаасаа л ийм өгөгдөлтэй юмуу, гутал хийхдээ ер ядардаггүй, хүнд хэцүү санагддаггүй. Өөр ажил ч хийе гэж бодож байсангүй. Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голж болохгүй л дээ. Өөрсдөө л оногдсон ажлаа хийж чадахгүй, ажилдаа гологдоод байдаг.


-Хатуу хөтүүг даван туулаад амжилттай ажиллаж яваа эмэгтэйчүүд олон байна. Та тэдний нэг юм. Орон нутгаас хэр дэмжлэг туслалцаа үзүүлдэг вэ?

-Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байж л улс орон хөгжинө гэж боддог. Харамсалтай нь, өрхийн үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид гээд сайхан үг хэлдэг ч бодит байдалд олигтой дэмжлэг байдаггүй. Үйлдвэрлэл эрхлэгчид биш, худалдаа эрхлэгчдийг илүү дэмждэг юм шиг санагддаг. Үндэсний үйлдвэрлэгчид нь зээлээс зээлийн хооронд арай чамай л амьдарч байгаа. Ийм байхад улс орон хөгжихгүй л дээ.


-Үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл авч байв уу?

-Хэдэн жилийн өмнө Сум хөгжүүлэх сангаас зээл авч, оёдлын машин, тоног төхөөрөмжөө нэмж, хүчин чадлаа сайжруулсан юм. Гэтэл Хоршоо хөгжүүлэх сан болгосноос нь хойш хамрагдаж чадахаа байсан. Манайх хоршоо биш л дээ. Ингэж өөрчлөх шаардлага байсан юм байх даа л гэж боддог.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч байгаагүй. Яагаад гэхээр олгож байгаа зээл нь маш бага. Энэ жил гэхэд хүртээмжээ бодоод тав, таван сая төгрөгийн зээл олгосон байсан. Таван сая төгрөг ямар дэмжлэг болох вэ? Тэгээд нэг удаа зээл авчихаар гурван жил зээл авах эрхгүй болчихдог. Үйлдвэрлэгчдээ дэмжиж байгаа бодит байдал ийм л байна.



-Танд хэдэн төгрөгийн зээл олговол бодит дэмжлэг болох вэ?

-Дор хаяж 100 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгочихдог бол ажлын байр барих, эсвэл худалдаж авах боломжтой болно шүү дээ. Үйлдвэрлэл явуулах тав тухтай орчин бүрдэнэ. Үйлдвэрийн байргүй учраас ашиг орлогоо түрээсэнд өгөх, амьдрал ахуй, хэрэглээ, зээл төлөлтдөө зарцуулаад таардаг. Гэвч тэр хэмжээний зээл авах гэхээр банкууд барьцаа хөрөнгө шаардаад байдаг.


Хэрвээ өрхийн үйлдвэрлэгчдээ хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжиж чадахгүй бол аймгаас ядаж үйлдвэр, үйлчилгээ явуулчихаар томоохон барилга шийдээд өгчихмөөр байгаа юм. Оёдлоо, гэрийн модоо, гутлаа, хүнс үйлдвэрлэлээ, гар урлалаа хийх ажлын байртай болвол маш том дэмжлэг болно.


Дээр нь залуучуудыг бодлогоор үндэсний үйлдвэрлэгч болгож сургах хэрэгтэй. Тийм бодлого шийдвэр нь байгаад “Гутал хийхийг зааж өг” гээд залуу хүмүүсийг дагуулаад ирвэл би лав татгалзахгүй. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээч ээ л гэж хүсье.

-Ажил, амьдралын түүхээсээ хуваалцсан танд баярлалаа.

 

Связанные новости