ӨВӨРХАНГАЙ: Академич Б.Ринчен 1957 онд Эрдэнэзуу хийдэд зочилж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-05 17:28:38

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/.  Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай монголч эрдэмтэн Б.Ринчен 1957 онд Эрдэнэзуу хийдэд МУИС-ийн багш нартай зочлон ирж байжээ.


Тухайн үеийн гэрэл зураг, тэмдэглэл зэрэг нь өдгөө Эрдэнэзуу музейн архивт буй “Сэтгэгдэлийн дэвтэр”-т хадгалагдан үлдсэн байна. Тухайлбал, тэнд "Түүхийн дурсгал болох Эрдэнэзууг үзэж их сонирхов. Сайхнаар тайлбарлаж өгсөн нөхөр Баярт их баярлав" хэмээгээд Улсын их сургуулийн анхны багш болох Г.Аюушжав, Б.Чүлтэм, Б.Ринчен нар гарын үсгээ зуржээ.


Тус музейн Сэтгэгдлийн дэвтэрт 1956 оноос эхлэн зочилсон олон арван зочид, төлөөлөгч, иргэд санал бодлоо бичин гарын үсгээ мутарласан байхаас үзвэл, Ардын Их Хурлын дарга Ж.Самбуу, доктор, профессор Д.Наваан, Лондоны Дорнод Азийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Смолвуд, БНХАУ-ын Урчуудын холбооны тэргүүн Жан У Жин зэрэг хүмүүс байлаа. Сэтгэгдлээс харвал жилд дунджаар мянга орчим хүн зочилдог байсныг Эрдэнэзуу музейн эрдэм шинжилгээний ажилтнууд ярьсан юм. 


Эрдэнэзуу хийдийг 1965 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны түүхийн музей болгосон юм. Тус музей нь Монголын уламжлалт бурхан шашин, соёлын түүхэн үнэт дурсгалыг хадгалан хамгаалах, сэргээн хөгжүүлэх зорилгоор найман сүм болон үзэсгэлэнгийн үзмэр үзүүллэгээ дэглэн олон нийтийн хүртээл болгож байна. 






Связанные новости