Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд түвшний уулзалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал /COP30/ Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Белем хотноо 2025 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр эхэллээ.
Энэхүү бага хурлын дээд түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, зохион байгуулагч Бразил Улсын Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва зэрэг 143 улсын төр, засгийн төлөөлөл оролцож байна.
Харин Монгол Улсаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Амазон мөрний сав газарт орших Белем хотод болж буй энэхүү дээд түвшний уулзалтаар дэлхийн удирдагчид Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр улс орнууд өмнө авсан үүрэг амлалтаа бататгаж, үндэсний тодорхойлсон хувь нэмэр /NDC/-ээ илүү нарийвчлах, хамтын ажиллагаагаа уялдуулах, тэр дундаа хөгжиж буй улс орнуудыг дэмжих санхүүжилтийн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэж буй юм гэж ГХЯ мэдээлэв.


Ulaanbaatar