Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар болов.
Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлуудыг зохицуулж буй суурь хуулиудын нэг бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль 1999 онд батлагдсан. Тус хуульд өнгөрсөн 26 жилийн турш зарчмын шинжтэй өөрчлөлт огт хийгээгүй. Хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй бусад хуулийн шинэчлэлийг дагалдсан нэмэлт, өөрчлөлт байсан. Тиймээс хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн харилцаа, тэр дундаа гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байна.
Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос
хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх,
зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг
төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна. Тухайлбал, Монгол Улсад гэр бүлийн
маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байгааг хуулийн төслийн
танилцуулгад дурджээ. 2024 онд улсын хэмжээнд нийт 73727 иргэний хэрэг, Гэр бүлийн
тухай хуулиар нийт 3538 хэрэг хянан шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн
тухай хуулиар шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 5 жилийн дундаж нийт иргэний
хэргийн 10.1 хувь байна.
Түүнчлэн энэхүү хууль нь 2002 онд баталсан Иргэний хуулийн суурь үзэл баримтлалтай нийцэхгүй байдал үүссэн, цаашлаад хувьсан өөрчлөгдөж буй гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүйгээс гэр бүлийн харилцааны олон асуудал, тухайлбал хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг бүрэн хамгаалж чадахгүй байгаа ажээ. Тиймээс Гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, хуулийн зөрчил, хийдлийг арилгах зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Ulaanbaatar