Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянактай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга С.Зулпхар болон бүлгийн гишүүд энэ сарын 28-нд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянактай уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга
С.Зулпхар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж
байгааг онцлов. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах
Турк Улсад хийсэн төрийн өндөр дээд хэмжээний айлчлал бодит үр дүнгээ өгч
байгааг тодотгож, энэхүү айлчлал хоёр улсын харилцаа төдийгүй хууль тогтоох
байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой
гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах
Турк Улсын Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга
Ибрахим Уфук Каянак хоёр улс 2004 оноос хойш Иж бүрэн түншлэлийн түвшинд
харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн бөгөөд энэхүү харилцааны түвшнийг шат
ахиулж, Стратегийн түншлэлд хүргэснийг дурдаад, цаашид хоёр орон батлан
хамгаалах салбарт харилцаагаа өргөжүүлэх талаар санал солилцох хүсэлтэй
байгаагаа илэрхийлэв.
Талууд боловсрол,
соёл, эрүүл мэнд, эдийн засгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
чиглэлээр санал солилцсон ба
Монгол-Туркийн парламентын бүлгийн даргын зүгээс Турк Улсад суралцах оюутны
тоог нэмэгдүүлэхийг хүссэн. Хэдийгээр дипломат харилцаа тогтоогоод 56 жил болж
байгаа ч бидний харилцаа 2200 жилийн түүхийн гэрч гэдгийг тодотгон хэлэв.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Д.Бум-Очир,
Х.Жангабыл, П.Мөнхтулга нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Ulaanbaatar