Г.Дамдинням: АИ-92 бензиний хомсдолыг бүрэн шийдэж, нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-29 14:09:29

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Засгийн газрын хуралдааны дараа хийсэн мэдээллийнхээ үеэрээ "АИ-92 бензиний хомсдолыг бүрэн шийдэж, нийлүүлэлтийг хэвийн түвшинд хүргэсэн" хэмээн мэдэгдэв.


Салбарын сайд цааш ярихдаа “Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинтэй өнгөрсөн пүрэв, баасан гарагт холбогдож, тодорхой дэмжлэг хүссэн. Үүний үр дүнд шатахууны нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж байна.


ОХУ-аас өнөө орой 22 цагийн үед манай улсын нутаг дэвсгэрт 110 цестерн бензин орж ирнэ. Энэ нь 6600 тонн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нэг өдрийн хугацаанд орж ирдгээсээ 3 дахин их бензин орж ирнэ. Өчигдөр би ОХУ-ын Эрчим хүчний тэргүүн дэд сайд болон манай улсын гол ханган нийлүүлэгч ОХУ-ын нефть боловсруулах компаниудын удирдлагатай теле хурал хийлээ. Хурлын үр дүнд шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр тохиролцоонд хүрлээ.


Ирэх баасан гарагт бид дахин теле хурал хийнэ. Байнгын ажиллагаатай, шуурхай удирдлагын багийг хоёр талаасаа байгуулахаар боллоо. Мөн БНХАУ-ын талтай холбогдож, 15500 тонн АИ92 бензин авахаар гэрээ байгуулсан. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан өчигдөр надад мэдээлэхдээ, "2500 тонн АИ92 бензин, 2500 тонн дизель түлш Хөх хотоос ачигдсан" болохыг дуулгасан.

 

Манай улсын хувьд шатахуун нөөцлөх савны тоо, хэмжээг нэмэх шаардлагатай байгаа ба Засгийн газар асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Одоогийн байдлаар, улсын хэмжээнд 440 мянган тонныг нөөцөлдөг" гэлээ.


Г.Дамдинням сайд мэдээллийнхээ үеэр өнгөрсөн 7 хоногт шатахууны хомсдол үүсгэсэндээ ард иргэдээсээ уучлалт эрэв.

Связанные новости