ДОРНОГОВЬ: Үзэсгэлэнгийн танхимаас...
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, МУСТА, зураач Л.Халзан "Усан будаг" зургийн үзэсгэлэнгээ Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гаргалаа.
Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнгээ өөрийнхөө 70 насны ойн босгон дээр гаргасан бөгөөд уран бүтээлдээ говь нутгийн үзэсгэлэнт байгаль, тэмээчдийн амьдрал, нүүдэлч, малчдын амьдралын онцлог зэргийг илүү тусгасан байна.
Л.Халзан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул бөгөөд эдүгээ 50 гаруй жил Сайншанд сумандаа уран бүтээлээ туурвиж байна.
1976 онд цэргийн албанаас халагдаж ирээд Дорноговь аймгийнхаа Урчуудын эвлэлд дагалдан зураачаар ажиллаж байх үедээ МУЭ-ийн мэргэжил олгох курст ардын зураач Г.Одонгийн удирдлага дор суралцан зураачийн III зэрэг, 1984 онд зураач Ё.Өлзийхутаг багшийнхаа аргаар суралцан зураачийн I зэрэг эзэмшжээ.
1984 оноос улс төрийн плакат чиглэлээр уран бүтээл туурвиж 1991 он хүртэл аймаг, улсын болон олон улсын хэмжээний уралдаан, үзэсгэлэнд амжилттай оролцож 12 удаа тэргүүн, дэд байрт шалгарч, бүтээлүүд нь архив, сан хөмрөгт хадгалагдаж байна.
1991 оноос усан будгийн төрлөөр дагнан ажиллаж энэ хугацаандаа аймаг болон улсын чанартай уралдаан, үзэсгэлэнд тогтмол оролцож БНХАУ-ын Эрээн, Манжуур хотод үзэсгэлэнгээ дэлгэснээс гадна Японы Яманаши хотод үзэсгэлэнд оролцож байжээ.
Энэ удаа өөрийн усан будгийн бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон байна.
Түүний уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.
Ulaanbaatar