АРХАНГАЙ: Хөшөө цайдмын дурсгалт газрыг 2020 онд улсын хамгаалалтад авчээ
ФОТО МЭДЭЭ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө цайдам хэмээх газарт Түрэгийн Билгэ хаан, түүний дүү Культегин жанжин нарт зориулсан тахилын онгоны цогцолбор дурсгал бий. 1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев Орхон голын хөндийд орших аварга том хөшөөдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлж, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна.
Монгол Туркийн хамтарсан судалгааны баг “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн хүрээнд тахилын онгоныг малтан судалж, 4000 гаруй үнэ цэн бүхий олдвор, эд өлгийн зүйлс илрүүлжээ. Түүний дотроос хамгийн чухал олдвор нь Билгэ хааны эрдэнийн шигтгээтэй алтан титэм байжээ.
2010 онд дурсгалт газрыг хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий Хөшөө цайдам музейг дурсгалт газар түшиглэн байгуулсан байна.
2004 онд Дэлхийн өвд соёлын ангиллаар Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд багтсан байна. Энэхүү дурсгал нь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын “Хөшөө дурсгал” төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт”-д бүртгэсэн тухай мэдээллийг Соёлын өвийн үндэсний төвийн сайтад мэдээлжээ.
Түрэг улсын Билгэ хаан, түүний дүү Культегины тахилгын цогцолборыг Культегины ач хүү Йолуг Тегин бүтээжээ.
Культегин жанжны тахилын онгон:
Культегин нь
684 онд Элтерес хааны отгон хүү болон мэндэлжээ. Тэрээр 16 наснаасаа
төрийн хэрэгт идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд өөрийн ах
Могильяныг хаан ширээнд суухад чухал үүрэг гүйцэтгэсэн цэргийн
нэрт жанжин байжээ. Культегин 731 онд нас барахад
түүний дурсгалд зориулан 732 онд тахилгын сүм байгуулжээ.
Культегин
жанжны гэрэлт хөшөө:
Культегин жанжныг 731 онд нас барсны дараа түүний ах Билгэ хаан 732 онд дүүгийнхээ дурсгалд зориулан гэрэлт хөшөөг босгосон ажээ. Уг гэрэлт хөшөөг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд хөшөөний өндөр нь 335 см, өргөн нь (баруун, зүүн тал) 132 см, зузаан нь (өмнө, хойд тал) 46 см хэмжээтэй. Уг гэрэлт хөшөөний зүүн нүүр нь 40 мөр, өмнө болон хойд нүүр нь тус бүр 13 мөр руни үсгээр, эртний түрэг хэлээр бичсэн бичээстэй ба баруун нүүрэнд Тан улсаас Культегин жанжныг таалал төгссөнтэй холбогдуулан бичсэн эмгэнэл хийгээд түүний алдар гавьяаг магтан дуурссан утгатай хятад бичээстэй. Хөшөөний зүүн нүүрэнд түрэг угсаатны тамга болох янгир, оройн хэсгийн зүүн баруун талд хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлсэн байдаг ажээ.