ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-21 17:27:28

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Байгалийн унаган төрхөөрөө давлагаалах Хөвсгөл нуурыг зорих жуулчдын тоо жил бүр нэмэгдсээр байна.


Энэ онд тусгай хамгаалалттай газрын нэвтрэх цэгээр дотоод, гадаадын 157562 жуулчин зорин ирж Хөвсгөл нуурыг үзэж, нуурын байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газарт аялсан байна.


Үүний дотор гадаадын 20782, дотоодын 136780 жуулчин ирсэн нь өмнөх оныхоос нэмэгджээ.


Өнгөрсөн онд тус аймагт дотоод, гадаадын 105229 жуулчин ирсэн байна.



Хөвсгөл нуур нь газар хөдлөлт, хагарлын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн, хойноосоо урагш сунаж тогтсон өндөр уулын бүсэд багтах цэвэр тунгалаг уст нуур юм.


Хөвсгөл нуурыг судалсан эрдэмтэд 7-8 сая жилийн настай гэж үздэг.


Тунгалгаараа дэлхийд гуравдугаарт, нуурын мандлын талбайн хэмжээгээр Азид аравдугаарт, дэлхийд 14-т, Монголдоо Увс нуурын дараа, гүнээрээ Азид дөрөвт, цэвэр усны нөөцөөрөө Монголд нэгдүгээрт ордог.

 

Связанные новости