БАЯНХОНГОР: Салбар комиссын гишүүдийг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-17 15:16:29
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт, дадлага Баянхонгор аймагт боллоо.

Хүүхдийг Ивээх Сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хэрэгжиж буй ‘’Тэгш хүртээмжтэй, тогтвортой, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь" төслийн хүрээнд тус сургалтыг зохион байгуулав.

Сургалтын үеэр бага насны хүүхдийн эрүүл мэнд хөгжлийг хянах олон улсын чиг хандлага, Монгол Улсын хууль эрх зүйн орчин, Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт ирлүүлэх, хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх (ХНХ, БШУ, ЭМ сайдын хамтарсан тушаал), салбар комиссын түвшинд нялхас, 0-8 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн оношилгоо, үнэлгээ хийх үйл явцын талаар мэдээлэл өглөө. Мөн салбар комиссын хуралдаанаар нялхас, бага насны хүүхдийн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг төлөвлөх, шийдвэр гаргах, "Эрүүл мэндийн олон улсын ангилал”-ыг ашиглан хүүхдийн хөгжлийг үнэлж, хөгжлийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөө боловсруулах зэрэг сэвдээр мэдээлэл олгож, сэдэв бүрийг нарийвчлан ярилцлаа.

Түүнээс гадна хүүхдийг дэмжих цаашдын төлөвлөгөөг сайтар боловсруулах зорилгоор Баянхонгор Сумын ЗДТГ-ын төлөөлөл, тухайн багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн төв, цэцэрлэг, ТББ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж гарын авлагаар хангасан байна.

Ташрамд, Өнгөрсөн онд аймгийн салбар комисс, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран кейс хэлэлцүүлэг, сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг шат дараатай явуулж, Бөмбөгөр, Богд, Өлзийт, Баянхонгор сумын 7, 9 дүгээр баг, сумдын ЗДТГ, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг байгууллагуудыг хамруулан ажиллаж “Баянхонгор аймгийн салбар комиссын зохион байгуулж буй кейс хэлэлцүүлгийн жишээ” гарын авлагад оруулжээ.
Связанные новости