БАЯНХОНГОР: Аймгийн Засаг даргаар Э.Энхбатыг томилов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-05 20:03:38
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанаар Эрдэнээгийн Энхбатыг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилсан. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамж гарч, Э.Энхбатыг Баянхонгор аймгийн Засаг даргаар томиллоо.

Өнөөдөр Д.Мөнхсайхан үүрэгт ажлаа Засаг дарга Э.Энхбатад албан ёсоор хүлээлгэн өгч, тамга тэмдгийг гардуулав.

Эрдэнээгийн Энхбат 1980 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, ам бүл 6. Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, Хууль эрх зүйн магистр, Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч бөгөөд Баянхонгор аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Монголын мэргэшсэн нягтлан Бодогчдын Институтийн Баянхонгор салбарын дарга.

Тэрбээр 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийг Нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгсөөд гадаадын төсөл хөтөлбөрийн байгууллагуудад ажиллаж ажлынхаа гарааг эхэлж, 2007 оноос Мэргэжлийн Хяналтын газарт Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, “Чандмань Баянхонгор” ХК-ийн Гүйцэтгэх захирал, Баянхонгор аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон тус тус ажилласан.

Э.Энхбат Эрдэнэцогт сумын ард иргэдийн итгэлийг хүлээж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй төлөөлөгч юм.
Связанные новости