П.Наранбаяр: Багш нарын цалинг 20 хувиар нэмэх шийдвэр 90 мянган хүнийг хамарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр “Засгийн газраас гаргасан багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэх шийдвэр нь тус салбарт ажиллаж буй 90 мянган хүнийг хамарна” гэж мэдээллээ.
Тэрбээр “Энэхүү нэмэгдлийг бий болгохын тулд бид үйл ажиллагааны зардлаа танах байдлаар гаргана. Гэхдээ "Маргааш гэхэд үндсэн цалинг 3.5 сая болго" гэсэн багш нарын өнөөгийн тавьж байгаа шаардлагыг шууд биелүүлэх боломжгүй.
Улс орны өнөөгийн нөхцөл байдалд энэ нь ямар ч боломжгүй шаардлага. Хэрэв ийм хэмжээний
нэмэгдлийг бий болгоё гэвэл 3.3 их наяд төгрөг шаардагдана.
Тиймээс бид гурван жилийн төлөвлөгөө гаргаж, цалинг жил
бүр нэмэх ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэв.