“Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэнгээр түүхэн цаг хугацааны үнэн түүхийг харуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол хүн сансарт ниссэн үйл явдлыг сурвалжилж, гэрэл зургийн салбарт онцгой хуудас үлдээсэн М.Лхагвасүрэнгийн уран бүтээлийн сонгомол дээжээс бүрдсэн “Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын үндэсний музейд өнөөдөр нээлээ.
Монголын мэргэжлийн фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч М.Лхагвасүрэн нь “Үнэн” сонинд 30 гаруй жил ажиллахдаа Монголын нийгмийн өнгө төрх, улс төр, аж амьдралыг гэрэл зурагт мөнхөлжээ. Түүний бүтээл Монголын XX зууны түүхэн үйл явдлын бодит гэрч болон үлдэж, хойч үеийн гэрэл зурагчдад баримтат сэтгүүл зүйн мөнхийн жишээ болсон байна. “Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэнд өнгөрсөн түүхийн баларшгүй үнэ цэн, ирээдүйд хөтлөх чухал баримтууд гэрэл зургийн 60 гаруй бүтээлийг дэлгэжээ.
Фото сэтгүүлч агсан М.Лхагвасүрэнгийн хүү “Гамма” агентлагийн гэрэл
зурагчин Л.Элбэгзаяа ярихдаа, “Өнөөдрийн “Үнэн” үзэсгэлэнгээрээ аавынхаа баримтат
гэрэл зургийн мөн чанарыг хүмүүст ойлгуулахыг зорилоо. Монголд байгалийн гэрэл зураг илүү хөгжиж байгаа ч баримтат болон
үйл явдлын гэрэл зураг бол тусдаа төрөл. Миний хувьд баримтат гэрэл зургийг энэ
урлагийн оргил гэж үздэг. Тиймдээ ч үүнийг олон нийтэд таниулахыг хүссэн. Энэ үзэсгэлэнд
1960-1990 оны Монголын аж ахуй, амьдралыг харуулсан бүтээлүүд багтсан. Мөн
тухайн үед сонин, сэтгүүлд нийтлээгүй, уран бүтээлчийн хувийн өнцгөөс авсан
зургууд ч бий. Баримтат гэрэл зураг гэдэг бол түүх өгүүлж, тухайн цаг үеийн
үнэнийг илэрхийлдэг урлаг юм. Тиймээс энэ үзэсгэлэнгээр дамжуулан гэрэл зураг
сонирхогчид болон залуу гэрэл зурагчдад үнэн, бодит баримтат гэрэл зургийн үнэ
цэнийг ойлгуулахыг хүсэж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй
залуу гэрэл зурагчдад зориулсан хэлэлцүүлэг, мөн оюутнуудтай хийх уулзалтыг
зохион байгуулна” гэв.
Ташрамд дурдахад, М.Лхагвасүрэн нь 1941 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1961 оноос гэрэл зурагчны гараагаа эхлүүлжээ. Фото сэтгүүл зүйн талаар хамгийн олон ном бичсэн, алдарт Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг улаан дипломтой төгссөн цөөн сэхээтний нэг байсан юм.
Тус үзэсгэлэн энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.
"Монгол угталт"
"Зургийн дугуйлангийнхан"
"Улаангомын талбайд"
"Ном бол ертөнцийг харах цонх мөн"
"Академич хөдөөгийн Пэрлээ"
"Уран зохиол"-ын цаг
"Нэгдүгээр арван жилийн сурагчид"