Монголчуудад тулгарсан сорилт бэрхшээлийг хөндсөн "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат кино "Оскар"-т нэр дэвшжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Австрали, Монгол, Германы хамтын бүтээл "Чоно үүр шөнөөр ирдэг" /The Wolves Always Come at Night/ кино 2026 оны Оскарын шагналын шилдэг олон улсын кино төрөлд Австралийн Холбооны Улсаас албан ёсоор нэр дэвшиж байна.
Энэ жил Австралиас Оскарын шагналын шилдэг олон улсын кино төрөлд нийт 16 бүтээл өрсөлдсөнөөс орчин цагийн нүүдэлчин монголчуудын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг хувь хүмүүсийн бодит амьдралаар дамжуулан харуулсан Австралийн найруулагч Габриелл Брэди /Gabrielle Brad/-гийн бүтээл "Чоно үүр шөнөөр ирдэг" баримтат кино шалгарчээ.
Уг киног Австралийн "Overhere", Германы "Chromosom films", Монголын "Гүрү Медиа" компани хамтран таван жилийн хугацаанд бүтээсэн бөгөөд Монгол Улсад зураг авалтыг хийж, Монгол, Австрали, Герман, АНУ, Колумб, Их Британийн уран бүтээлчид оролцсон юм.
Байгаль цаг агаарын хүнд хэцүү сорилт, уур амьсгалын нөлөөлөлд өртөж, хөдөө нутаг, нүүдэлчин ахуй соёлоо орхин нийслэл Улаанбаатар хот руу нүүж буй Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Давгасүрэнгийн Даваасүрэн болон түүний гэргий Дашзэвэгийн Отгонзаяа нарын амьдралд гарч буй эерэг, сөрөг өөрчлөлтөөр монголчуудын нүүдлийн болон суурьшмал амьдралын хувирал, тэнд тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат кино 2024 оны Улаанбаатар Олон улсын кино наадмаар нээлтээ хийж байв.
Тус кино өнгөрсөн хугацаанд Торонтогийн Олон улсын кино наадамд сонгогдож, Румын улсад болсон Альпын кино наадмаас Гран При шагнал хүртсэний зэрэгцээ Сиднейн кино наадам, Хонгконгт зохион байгуулагдсан “Европ-Азийн баримтат кино наадам” зэрэг нэр хүндтэй кино наадмуудад тогтмол оролцож, хамгийн сүүлд БНХАУ-ын Фужоу хотод болсон 12 дахь удаагийн олон улсын кино наадмаас “Шилдэг баримтат кино”-гоор шалгарч Golden Silk Road шагналыг хүртсэн юм.