ХОВД: Хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэх ажил өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Аравдугаар сар бол "хөөмийн сар".
Ховд аймагт 2019 оны аравдугаар сарын 30-ны өдөр 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, дэлхийн дээд амжилт /Гиннесийн ном/-д бүртгүүлсэн юм. Иймээс Ховдынхон жил бүрийн аравдугаар сарыг "хөөмийн сар" хэмээн зарлаж, хөөмийн урлагийг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн тухайд аравдугаар сард тусгай хөтөлбөр, хуваарийн дагуу хөөмийн сургалт, "Бидний өв" цахим уралдаан зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, хөөмийлөх арга барилыг эзэмшүүлэх, орон нутгийн хөөмийчдийн ур чадварыг сайжруулах зорилго бүхий сургалт энэ сарын 13-30-нд болно. Сургалтыг Ховд аймгийн төв болон Чандмань суманд зохион байгуулах юм.
Хөөмийн анхан шатны мэдлэгтэй, бие даан хөөмий сурсан, хөөмийн урлагаар гүнзгийрүүлэн суралцах сонирхолтой иргэд, хүүхэд, залуусыг дээрх сургалтад бүртгэж байна. Улмаар 20-30 хүүхдэд хөөмийг гүнзгийрүүлэн сургаж, хөөмийн хамтлаг байгуулах зорилт дэвшүүлжээ.
Мөн олон улсын хөөмийн наадмын шилдэг оролцогч болон зарим өвлөн уламжлагчийн бүтээлийг иргэдэд цахимаар танилцуулахаар бэлтгэж байна.
Дээрх үйл ажиллагааг Ховд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хөгжимт драмын театр зэрэг байгууллага, нэр бүхий хөөмийчид хамтран зохион байгуулах юм.
Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 60 гаруй хөөмийч бүртгэлтэй байгаа. Мөн 200 гаруй хүүхэд, залуус хөөмийн урлагийг өвлөн суралцаж байна.