ХОВД: Торгууд угсаатны уртын дууг түгээн дэлгэрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Ховд аймагт халх, дөрвөд, урианхай, торгууд зэрэг 10 гаруй угсаатны бүлэг амьдарч байна.
Эдгээр угсаатны өв соёл, түүх, уламжлалт зан үйлийг түгээн дэлгэрүүлэх ажил орон нутагт үe шаттай өрнөж байгаа юм.
Энэ удаа торгууд угсаатны уртын дууг өвлөн уламжлуулах 14 хоногийн сургалт зохион байгуулахаар болжээ.
Монгол орны баруун хязгаарт орших Ховд аймгийн Булган сум нь 10 мянга гаруй хүн амтай. Тус сумын иргэдийн дийлэнх нь торгууд угсаатан юм.
Иймээс сургалтыг Ховд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас Булган сумынхантай хамтран зохион байгуулна.
Эхний ээлжид торгууд угсаатны уртын дууны талаар хэлэлцүүлэг өрнүүлж, Булган суманд амьдарч буй ахмад өвлөн уламжлагчдын санал бодлыг сонслоо.
Тэд 20 гаруй торгууд уртын дуу дуулж сонирхуулсан бөгөөд үүнээс шилдэг гурван өвлөн уламжлагчийг сургагч багшаар сонгожээ.
Сургалт энэ сарын 13-нд эхлэх бөгөөд Үзэсгэлэнт алтай, Өндөр зэсийн шил, Хонгор ангирын тарга гэх мэт залуу үеийнхэн зайлшгүй суралцах шаардлагатай 5-6 торгууд уртын дууг заахаар төлөвлөж байна.
Сургалтын зорилго нь торгууд угсаатны уртын дууг уламжлалт хэв маягаар өвлүүлэх, хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад өвлөн уламжлагчдын чадварыг нэмэгдүүлэх, уртын дууны өвлөн уламжлагчийг шинээр нээн тодруулахад чиглэх юм.
Одоогоор торгууд угсаатны уртын дууны талаарх судалгаа цөөн бий. Мөн өвлөн уламжлагчдын дийлэнх нь ахмад настан учир мартагдаж буй торгууд уртын дууг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд зааж сургах зайлшгүй шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.