ХОВД: Ирэх онд цаг уурын дэвшилтэт технологи бүхий радартай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-10-03 12:38:13

Жаргалант, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Орчин үеийн техник технологийн дэвшлийг орон нутагт анх удаа нэвтрүүлж, Ховд аймаг ирэх онд хос туйлт допплерын радартай болно.  


Хос туйлт допплерын радарыг улсын төсвийн 9.9 тэрбум, орон нутгаас 1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2026 онд хийхээр төлөвлөж байна.   


Цаг уурын допплерын радарын ажиглалтын станцтай болсноор үүл, хур тунадасны байршил, чиглэл болон шилжилтийг цаг минутын өндөр нарийвчлалтай тодорхойлох, хур тунадас, үер, хүчтэй салхи, шороон шуурганы аюулыг 24 цагийн өмнө илрүүлж цаг минутаар нь мэдээлэх, богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг 100 хувийн таарцтайгаар гаргах, дулааны улирал дахь босоо хөгжлийн үүлнээс үүдэлтэй байгалийн гамшгаас хүний амь, эд хөрөнгийг хамгаалах, эрсдэлийг багасгах, иргэний агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий зайнаас судлах, цаг алдалгүй тандаж мэдэх олон давуу тал бий болох юм.


Орон нутгийн газар зүйн байршил, онцлогийг харгалзан Ховд аймагт радартай болох ажлыг дэмжин эхлүүлсэн тухай ИТХ, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.


Энэ нь байгаль орчны асуудал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлийн эрсдэлийг багасгах, цаг агаарын аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Связанные новости