ӨМНӨГОВЬ: Адуучин” тэмцээнд 150 гаруй хүн авхаалж самбаагаа сорив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-09 08:45:04

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор аварга шалгаруулах адуучин тэмцээнийг Даланзадгад суманд энэ сарын 6-ны өдөр зохион байгуулжээ.


“Адуучин” тэмцээнд тус аймгийн 15 сумын 101 эрэгтэй, 50 гаруй эмэгтэй оролцож, авхаалж самбаагаа сорилоо.


Тэмцээнд оролцогчид уурга, ташуур шүүрэх, явганаар болон морьтой уургалах, эмнэг булгиулах зэрэг төрөлд өрсөлдсөн юм.


Тэмцээний тэргүүн байрт Ханхонгор сумын зургаан удаагийн аварга, Монгол Улсын аварга адуучин С.Батхуяг, дэд байрт мөн сумын адуучин О.Бямбажав, гуравдугаар байрт Ханхонгор сумын аварга адуучин Д.Мөнгөншагай, тусгай байрт Номгон сумын адуучин Б.Содбилэг, Цогтцэций сумын адуучин Б.Жигжидсүрэн нар шалгарчээ.


Харин уран бугуйлчаар Монгол Улсын аварга адуучин С.Батхуяг, уран уургачаар адуучин О.Бямбажав нар тодров.


Эмэгтэйчүүдийн саад сүлжих морьтон төрөлд 38 хүн оролцсоноос Ханбогд сумын адуучин Ц.Гүнсмаа, Ханхонгор сумын адуучин Б.Мягмарсүрэн, Булган сумын Д.Сайндэлгэр, Хүрмэн сумын адуучин Х.Баярмаа, Цогтцэций сумын Г.Алтангэрэл тэргүүлжээ. Дээрх тэмцээнийг Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан юм.



Связанные новости