Өнгөрсөн есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнгөрсөн есдүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, олон жилийн дундаас 0.9°С-аар тус тус дулаан байсан бөгөөд 1940 оноос хойш тохиолдож байгаа 10 дахь дулаан сар болж өнгөрлөө.
Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нутгийн дийлэнх буюу 61.2 хувь нь дунджийн орчим, 38.8 хувь нь нь дунджаас +1.0-ээс +3.0°С-аар дулаан байсан байна.
Харин хур тунадасны хувьд тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 25.9 мм тунадас орсон нь өмнөх жилийнхээс 19.3 хувиар бага, олон жилийн дунджаас 43 хувиар ахиу буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын оронзайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 62 хувь дунджаас ахиу, 8.5 хувь нь дунджийн орчим, 29.5 хувь нь дунджаас бага тунадас унасан байна.
Тус сард агаарын температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Ханбогд суманд 34.6°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулаг суманд -8.5°С хүрсэн. Хөрсний температурын үнэмлэхүй их утга Өмнөговь аймгийн Даланзадгадад 59°С, үнэмлэхүй бага утга Баянхонгор аймгийн Баянбулагт -12°С хүрч хүйтэрсэн байна.