Ихэнх нутгаар өнөөдрөөс эрс сэрүүснэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Нутгийн хойд хэсгээр өнөөдөр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
Ихэнх нутгаар өнөөдөр
солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн
аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд,
төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2025 оны 10 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, энэ сарын 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар,
7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх
нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг
голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус хүйтэн, өдөртөө -4+1
градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын
хөндийгөөр шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус, говийн бүс нутгийн
өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1+6 градус, өдөртөө +11+16
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4-9 градус хүйтэн, өдөртөө +4+9 градус
дулаан байх аж.