Хушин ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар 6.6 тонн самар бэлтгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ жил 7 аймгийн 20 сумын хушин ойгоос үйлдвэрлэлийн зориулалтаар 6.6 тонн самар түүж бэлтгэх дуудлага худалдаанд давхардсан тоогоор 24 аж ахуйн нэгж оролцож, 1.6 тэрбум төгрөгийн самар түүж бэлтгэх эрх авлаа.
БОУАӨЯ-ны мэдээлснээр 20 сумын 126 багцад дуудлага худалдаа явуулсан байна.
Манай орны ойн сангийн талбайн 5.17 хувийг хушин ой эзэлдэг. Хуш нь 10 аймгийн 63 сум, нийслэлийн ногоон бүсийн ойн санд
тархан ургадаг. Хуш модны самрыг 10
дугаар сарын 20-ноос дараа
оны хоёрдугаар сарын 1-ний
хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн, их ургацын жилд ахуйн болон
үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.
Болц гүйцсэн боргоцой нь 10 дугаар сараас эхлэн газарт унаж
эхэлдэг. Иргэд журмын дагуу ахуйн
зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 1000 төгрөгөөр тооцон
төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар
сарын 20-ноос эхлэн түүх боломжтой.
Зөвшөөрсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх,
худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг
хамгаалах болон Ойн тухай
хууль, Байгалийн ургамлын тухай, Зөрчлийн тухай хууль, холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ
авдаг.
Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь, их хэмжээгээр зүй,
зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургахгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал
алдагдаж, самраар хооллогч
шувуу, мэрэгч болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх шалтгаан үүсгэдэг. Самрын болц гүйцээгүй үед
түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насыг нь 30 гаруй
хувиар богиносгодог байна.
Ойд 140 гаруй жил наслах байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил
насалдаг аж.