Ирэх саруудад олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-30 10:33:15

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу 10 дугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна.


Харин 11, 12 дугаар сард зүүн аймгуудын нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэйг ЦУОШГ мэдээллээ.


Өвлийн саруудад зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөвтэй. Өнгөрсөн зун хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц бага зэргийг харгалзан малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэлээ эртнээс хангахыг зөвлөжээ.


Агаарын дундаж температур ирэх сард Баян-Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй бол сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх аж.


Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр агаарын дундаж температур 11 дүгээр сард олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ.


Сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.


Түүнчлэн, Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар дундаж температур 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх нь ээ. Харин сарын нийлбэр хур тунадас Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Связанные новости