Б.Жавхлан: Төрийн сангийн үйл ажиллагаа доголдоогүй, валютын нөөц 5.8 тэрбум ам.доллар болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-06 17:27:39

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ “Монгол Улсын төрийн сангийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа”-г мэдэгдэв.


Тэрбээр мэдээлэлдээ, “Өнгөрсөн долдугаар сард улсын төсвийг тодотгосон. Одоогийн байдлаар, баталсан хуваарийн дагуу төрийн бүх санхүүжилт хэвийн үргэлжилж байна. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.


Монголбанкны цахим хуудас дахь мэдээллээс үзвэл, есдүгээр сарын 30-ны байдлаар валютын нөөц 5.8 тэрбум ам.доллар байна. Энэ нь 4-5 сарын импортын хэрэгцээг хангахуйц үлдэгдэл юм.


Түүнчлэн ОУВС-гийнхан жилд хоёр удаа улс орнуудад очиж ажилладаг. Тус сангийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Монголд ажиллаад буцсан. ОУВС-гийнхан манай улсын эдийн засагт ямар нэг эрсдэл үүссэн гэсэн дүгнэлт гаргаагүй.


Үүний зэрэгцээ Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барьсан. Арваннэгдүгээр сарын 15-нд УИХ баталсан байх хуулийн зохицуулалттай. Иймд бид ирэх оны төсвөө УИХ-ын түвшинд хэлэлцэн, батлах шаардлагатай" гэлээ.

Связанные новости