ХӨВСГӨЛ: “Хүүхдийн хөгжил, хамгааллын ажлыг эрчимжүүлэх сар” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-06 13:04:14

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хоёрдугаар хуралдаан болж, аймгийн хэмжээнд энэ оны 10, 11 дүгээр сарыг “Гэр бүлийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлж, хүүхдийн хөгжил, хамгааллын ажлыг эрчимжүүлэх сар” болгон зарлалаа.


Энэ хүрээнд хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд үнэлгээ хийж, аж ахуйн нэгж, байгууллага бүрд тус бодлогыг нэг мөр мөрдүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэн бүртгэж, хариу үйлчилгээ үзүүлнэ.


Хамтарсан баг, хүүхэд хамгааллын багт бүртгэлтэй боловч, үр дүн муутай кейсүүдийг салбар дундаар бүрэн шийдвэрлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт, эцэг, эхчүүдийн хүүхдийн эрхийг хангах талаарх үүрэг, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн нөлөөллийн ажил, гэр бүлд зөвлөн туслах болон хөгжлийн үйлчилгээг хэрэгжүүлэхээр боллоо.


Хуралдааны үеэр Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөлт, бэлтгэл ажлын явцыг танилцуулж, зөвлөлийн гишүүд санал бодлоо хэллээ. Ойг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт тэмдэглэнэ.


Мөн “Хүүхэд хамгааллын 2025 оны хагас жилийн тайлан, цаашдын чиглэл”-ийг ХХҮГ, ЭМГ, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Боловсролын газар зэрэг холбогдох байгууллагууд танилцуулж, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл солилцлоо.

  


 

Связанные новости