ЗАВХАН: Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхайлахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-03 14:04:23

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завхан аймагт улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ажиллаж байна.


Тэрбээр аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж, өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа. Завхан аймгийн хэмжээнд нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн, 40 орчим хувьд дунд зэрэг байв. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлыг 21 удаа явуулсан байна.


Ирэх өвөл, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 648 тн бүдүүн тэжээл, 562 тн хүчит тэжээл, 94 тн эрдэс бэлтгэсэн.


Сумдын аюулгүйн нөөцөд 1296 тн бүдүүн тэжээл, 1123 тн хүчит тэжээл, 1.86 тн эрдэс бэлтгэжээ. Малчид, мал бүхий иргэд 5789 тн өвс, 1559 тн ногоон тэжээл, 145.9 тн үйлдвэрийн тэжээл, 664 тн хужир шүү, 22.9 тн гар тэжээл бэлтгээд байна.


Өнөөдрийн байдлаар гадны аймгийн 3 сумын нутагт 1360 толгой мал оторлохоор явж байгаа ба нэмж отроор явах малчдын судалгааг авч байна. Багахайрханы аймаг дундын отрын бүс нутагт 8 сумын 162 өрхийн хонин толгойд шилжүүлсэнээр 51.3 мянган мал өвөлжинө.


Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү өвөлжилт хаваржилтын ажлын гүйцэтгэлийг шуурхайлахыг үүрэг болгоод, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Аймгийн Онцгой комиссын хурал

Связанные новости