ЗАВХАН: Багахайрханы отрын бүсэд 30 орчим мянган мал оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Багахайрханы
отрын бүсэд Завхан аймгийн сумдаас гадна Увс аймгийн Завхан, Наранбулаг,
Өлгий, Малчин сумын 14 өрхийн 400 орчим адуу, 12 мянга орчим бог өвөлжиж
байна.
Завхан аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг Бага хайрхны отрын бүсэд өвөлжиж байгаа малчидтай уулзаж, худаг ус, малын бэлчээр, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан байна.
Мөн үеэр малчдад төрийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхийг тус бүс нутгийн удирдлагуудад зөвлөлөө. Өнөөдрийн байдлаар отрын бүс нутагт Завханы Цэцэн-Уул сумын 31 өрхийн 35 мянга, Сонгино, Нөмрөг сумын 3 өрхийн 3000, Завханмандал сумын 30 орчим мянган мал оторлож байна. Түүнчлэн хөрш зэргэлдээ Увс аймгийн Завхан, Наранбулаг, Өлгий, Малчин сумын 14 өрхийн 400 орчим адуу, 12 мянга орчим бог өвөлжиж байна.
Завхан аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6 сая толгой мал өвөлжиж, хаваржина. Өнөөдрийн байдлаар гурван аймгийн 12 сумын нутагт 30 өрхийн 13.4 мянган мал оторлож байна.
Аймгийн нийт нутгийн 97 хувь нь цастай, цасны дундаж зузаан 5-15 см байна. Зудын урьдчилсан төлөвөөр нутгийн 2 хувьд нэн их, 17 хувьд их буюу өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Бага хайрхны отрын бүс нутагт 0-5 см цастай байна. Завхан аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 9 бүлэг 34 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах ажилд 468 сая төгрөг төлөвлөн зарцуулсан байна.
Сүүлийн гурван жилд 15 сумын 21 багт шинээр худаг гаргасан байна. Гурван багийн худгийг шинээр засварлажээ. Худаг шинээр гаргах, засварлахад нийт 1.2 тэрбум төгрөг зарцуулсан байна. Санхүүжилтийн 70 хувийг Адапт төслөөс, 30 хувийг нь орон нутгаасаа гаргасан байна. Ирэх жил бэлчээрийн мал аж ахуйн усан хангамжийг сайжруулахад илүү анхаарч шаардлагатай газруудад худаг шинээр гаргах, засварлах ажлыг үргэлжлүүлнэ хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн ХХААГ-ын дарга Ч.Мөнххүрэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч,
ЦУОШГ-ын дарга М.Заяат нар
Багахайрханы отрын бүсэд ажиллав.
Связанные новости
Ulaanbaatar