ЗАВХАН: Цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлааг дэмжих 7 хоногийг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-10 16:30:28

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ууган цэцэрлэгүүдийн нэг, Улиастай сумын III цэцэрлэг нь томуу төст өвчний дэгдэлтийн үед уламжлалт хоол хүнсээр хүүхдүүдийн дархлааг дэмжиж байна.


Манай цэцэрлэг 260-300 хүүхэдтэй 9 бүлэгтэй хичээллэдэг. Энэ жил томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Ханиадаас болж, хүүхдүүд цэцэрлэгээсээ завсардах, олон хоног өвдөх гэхчлэн асуудлуудаас урьдчилан сэргийлж томуугийн дэгдэлтийн үед хоол хүнсээр нь дамжуулж дархлааг нь дэмжиж байна.


Цэцэрлэг дээрээ дархлаажуулалтын 7 хоног аяныг өрнүүлж, хүүхдүүдийн хоолны цэсэнд өөрчлөлт оруулж өдөр бүр уламжлалт шим тэжээлтэй хоолыг түлхүү өгч байна.


Тухайлбал, хүүхдүүдэд өдөр бүр сүү өгч байна. Орон нутгийнхаа "Агьт сүүн далай" ХХК-тай гэрээ хийж, өдөрт 25-30 литр сүү, таргийг тогтмол хүлээн авч, сүүн бүтээгдэхүүнийг хүүхдүүддээ өгч байна.  

Хүүхдүүдийн ам, хоолойг саримсны уусмал, зөгийн бал, сода, иоджуулсан давс, лимоны уусмалаар өдөрт 2-3 удаа зайлуулах. Хүүхдүүдийн хөлний улны цэгт массаж хийх, шар тосон бариа хийх, алим жигнэж өгөх, булууны ястай шөл, төрөл бүрийн зутан шөл, халуун аарц гээд уламжлалт хүнсийг өдөрт түлхүү хэрэглүүлж байна.


Ялангуяа томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэхэд шим тэжээлтэй хоол хүнс хамгийн чухал юм. Хүүхдийн дархлааг уламжлалт анагаах ухааны аргатай хослуулан дэмжиж байгаа нь ч үр дүнгээ өгч байна. Хүүхдүүд маань эрүүл байх хамгийн чухал. Өнөөдрийн байдлаар манай хүүхдүүдийн дунд томуугийн улмаас цэцэрлэгийн завсардалт харьцангуй гайгүй байна гэж Улиастай сумын 3-р цэцэрлэгийн эрхлэгч Н.Баянжаргал ярилаа.


Мөн цэцэрлэгийн тогооч, багш нар хамтран дархлаажуулалтын 7 хоногт хүүхдүүдэд хүнсний ногооны ач холбогдлыг таниулж байна. Эрүүл монгол хүнийг багаас нь төлөвшүүлэх нь чухал юм. Тиймээс бид цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд хүнсний ногоо бүрийн шим тэжээл, шим тэжээлтэй хоол хүнснийг хүний биед ямар чухлыг таниулсан зорилтот хичээлийг тогтмол зааж байна гэлээ. 

Зорилтот хичээлийг тогооч нар багш нартай хамт заадаг




Багш нар уламжлалт анагаах ухааны жороор хүүхдүүдийн дархлааг дэмжих бариа хийж байна.

Связанные новости