Тужийн нарсыг сэргээсэн БНСУ-ын “Юхан” корпорац “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-10-02 17:09:41

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говь, хангайн бүсэд байгаль экологид нийцсэн модлог ургамлыг үе шаттай тарьж байна.


Энэ хүрээнд БНСУ-ын “Юхан” корпорац “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ойн түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах төсөл хамтран хэрэгжүүлэхээр  2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр мод тарилаа. Төслийн хүрээнд 2030 он хүртэл түймэрт өртсөн 75 га талбайг ойжуулах бөгөөд цаашид 3000 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү төслийн хүрээнд “Юхан” корпорац нийт 200 сая воны хөрөнгө оруулалт хийж, жилд дунджаар 36 мянган ширхэг мод тарьж ургуулах юм.


Төв аймгийн Батсүмбэр суман дахь сум дундын ойн сангийн дарга Ш.Гантулга, “Батсүмбэр сум дундын ойн анги нь дөрвөн сумыг хариуцдаг. Батсүмбэр сум нийт 147,222 га талбай бүхий ойн сантай. Түүнээс хэд хэдэн удаагийн давтамжт түймэрт нийт 36 мянган га талбай өртсөн. Хамгийн сүүлд 2017 онд 6 мянган га талбай түймэрт өртсөн юм. Нийт доройтсон ойжуулалтын талбай 32 мянган га-г хамарч байна” гэлээ.


Азийн Ойн хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Чонгхо Парк, “Энэ удаагийн нөхөн сэргээх үйл ажиллагаа нь Монгол Улсад Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагын талаас оролцож байгаа анхны нөхөн сэргээлтийн ажил болж байна. Энэ бүс нутагт 3 удаагийн ойн түймэр гарч байсан гэдэг талаас нь бид харж үзэж, уг бүс нутгийг сонгосон юм. Нөгөө талаас БНСУ-ын Засгийн газар болон Монголын Улсын Засгийн газрын хамтарсан ажиллагаа болон “Юхан” корпорац хэмээх Солонгосын хувийн хэвшлийн байгууллага хөрөнгө оруулалт хийж байгаагаараа ихээхэн онцлог үйл явдал болж байна” хэмээв.


Ойн газрын дарга Б.Оюунсанаа, “Монгол орны ойн сангийн 70 гаруй хувийг шинэсэн ой эзэлдэг. Шинэсэн ой ихэнх хэсгийг эзэлж байгаа ч түймрийн эрсдэл өндөртэй гэхэд болно. Сүүлийн хэдэн жилийг авч үзвэл, түймрийн давтамж ихээхэн нэмэгдэж байна. Хэрэв нэгэнт түймэр дэгдсэн бол нэн даруй нөхөн сэргээх маш чухал. Цаг хугацаа алдвал эргээд хэв шинж нь өөрчлөгдөж, хээрших үйл явц явагддаг. Тэгэхээр бид энэ төслийн хүрээнд хамгийн гол нь шинэсэн ойн нөхөн сэргээлтийг цаг алдахгүйгээр хийх хэрэгтэй.


Хамгийн сүүлд, 2017 онд монгол орны ой бүхий газруудыг хамарсан томоохон түймэр гарсан. Тэгэхээр энэхүү талбайг нөхөн сэргээх ажил үүгээр эхэлж байна. 18 мянган га талбай шатсан, үүнээс хамтарсан төслийн хүрээнд 3 мянган га талбайг нөхөн сэргээх ажлыг таван жилийн хугацаанд үе шаттай хэрэгжүүлнэ. Ойжуулаад зогсохгүй, хамгийн гол нь түймрийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх иргэдийн оролцоог хангасан ажлуудыг хэрэгжүүлнэ. Дээрээс нь доройтсон ойг нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилттай холбоотойгоор сөнөсөн ойн нөхөн сэргээлтийг ямар арга зүйгээр хийх вэ гэх зэрэг туршилтын ажлууд хийгдэх юм” гэв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, “Юхан” корпорацын охин компани болох “Юхан Кембрли” компани 2003 оноос Тужийн нарсны шатсан ойг нөхөн сэргээх ажилд оролцож, өнгөрсөн 10 жилийн хугацаанд 3250 га талбай бүхий нарсан ойг бүрэн сэргээсэн юм. Өөрөөр хэлбэл, тус корпорацын тодорхой хэсэг Монгол Улсад 20 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж, түүний араас бусад компани нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлыг эхлүүлээд байна гэж ойлгож болно” гэсэн юм.


“Юхан” корпорацийн гүйцэтгэх захирал Минчюл Чо, “Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байна. Ийм чухал ач холбогдолтой жилд Батсүмбэр суманд ойг дахин сэргээх ажлыг эхлүүлж байгаад туйлаас баяртай байна. Ингэснээрээ бид ирэх 100 жилийг сэтгэл хангалуун эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. “Юхан” корпорац нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, саармагжуулах Монголын төдийгүй олон улс дахь үйл ажиллагаад оролцоотой байж ирсэн. Тиймээс цөлжилтөд өртөж буй монгол орны бүс нутаг болон бусад шалтгаануудаас хамаарсан нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах ажлыг Монгол Улсад зорилгоо болгон хэрэгжүүлж байна” гэв.


Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгын дагуу Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь “Юхан” корпорацын санхүүгийн дэмжлэгтэйгээр Ойн газар, “Тэрбум мод” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.


“Юхан” корпорацын охин компани болох “Юхан Кимберли” компани 2003 оноос Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт 10 жилийн хугацаанд 3,250 га талбайд 10 сая мод тарьж ургуулсан. Үүний зэрэгцээ ойжуулсан талбайн арчилгаа, хамгаалал, байгаль орчны боловсрол олгох, нутгийн иргэдийн оролцоог хангах замаар таримал ойн менежментийг сайжруулахаар 20 гаруй жил идэвхтэй ажиллаж байна.


Төв аймгийн Батсүмбэр сумын ойн санд 1978, 1996, 2013, 2017 онд гарсан түймрийн улмаас 18,000 га талбай өртсөн юм.



Связанные новости