Газар хөдлөлтийн улмаас жижиг суурин газрууд тусгаарлагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВЕЛЛИНГТОН. /Kyodo/. Даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсонтой холбоотойгоор хүнд хэцүү байдалд орсон жижиг суурин газар, тосгодын оршин суугчдыг аварч, тэдэнд туслахын тулд Шинэ Зеландын Засгийн газар тэнгисийн цэргийн хүчнийхнийг илгээжээ.
Тус улсын Өмнөд аралд болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын хэмжээ хараахан тодорхойгүй байна.
Холбогдох албаны хүмүүсийн хэлснээр, газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн юм.
Гол гол замууд хаагдсаны улмаас жижиг суурин газрууд тусгаарлагджээ. Жуулчид олноороо очдог Кайкоура хотоос 600 орчим оршин суугч болон хэдэн зуун жуулчин гарах боломжгүй болоод байгаа юм. Энэ хот нь газар хөдлөлтийн голомтоос 60 орчим км зайтай ажээ.
Даваа гарагийн үүрээр 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш тус улсад наад зах нь 5 баллын хүчтэй газар хөдлөлт 21 удаа болсон гэж АНУ-ын Геологийн судалгааны газар мэдэгдлээ. Тэдгээрийн дөрөв нь 6 ба түүнээс дээш баллын хүчтэй байжээ.
Цаашид дахин газар хөдлөлт болж болзошгүй учир сонор сэрэмжтэй байхыг оршин суугчдад албаны хүмүүс анхааруулж байна.
Г.Доржханд