ХӨВСГӨЛ: У.Адъяаням шилдэг өрхийн үйлдвэрлэгчээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-29 15:38:54

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. “Бүтээлч Хөвсгөлийнхөн-2025” намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд 23 сум, 1 тосгоны 246 иргэн, аж ахуйн нэгж 600 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцсоноос Мөрөн сумын ЗДТГ-аас  Шилдэг хөнгөн үйлдвэрийн салбарын өрхийн үйлдвэрлэгчээр У.Адъяаням шалгарлаа.


Мөрөн сумын иргэн У.Адъяаням хаягдал өөхөн тосыг ашиглан саван үйлдвэрлэдэг.


Тэрбээр олон жил тогоочоор ажиллахдаа гал тогооноос маш их тосны хаягдал гарч байгаль орчныг бохирдуулдаг болохыг анзаарч, хаягдал өөхөн тосоор саван үйлдвэрлэх санаагаа олжээ.


У.Адъяаням тэтгэвэрт гараад тосны хаягдлыг ашиглан эдийн саван хийсэн туршилт нь амжилттай болж “Ади” савангийн цех байгуулсан байна.


Өнөөдрийн байдлаар өөхөн тостой, сүүлний тостой, шар тостой, гангатай, лимонтой, хужиртай гэсэн 9 төрлийн саван үйлдвэрлэж байна.


У.Адъяаням өөхөн тосыг нэг килограммыг 300 төгрөгөөр, шар тосыг нэг килограммыг 40000 төгрөгөөр худалдан авч саван хийж байна.


Тухайлбал шар тостой саван ямар нэгэн химийн найрлагагүй биед тэжээл өгдөг нэг нь 9000 төгрөгийн үнэтэй боловч маш их эрэлттэй болжээ.


Цаашид орон нутагт дотоодын савангийн хэрэгцээгээ өөрсдөө хангах зорилго тавин ажиллаж байна гэдгийг хэллээ.



 

 

Связанные новости