ЗАВХАН: Хомын тал нутаг дэлхийн шим мандлын нөөц газар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин
сумын Хомын талын байгалийн цогцолборт газар ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц
газруудын дэлхийн сүлжээнд нэгдлээ.
9 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотод болж буй ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар, Хомын талын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэн баталгаажуулсан байна.
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, Хомын талын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Мөнхбат нар батламж гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож батламжаа гардан авлаа. Хомын талын байгалийн цогцолборт газраас гадна Албани, Ангол, Исланд, Тажикистан, Этиоп зэрэг 20 улсын 25 газар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нэгдсэн байна.
ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд Монгол Улсаас бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо ийнхүү 12 болж нэмэгдэж байна.
Тус сүлжээнд бүртгүүлснээр тухайн газрын олон улсын ач холбогдол
нэмэгдэж, хадгалалт хамгаалалт сайжрах, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг
хангах. Нутгийн иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн аливаа хүчин
чармайлтыг ЮНЕСКО-гоос дэмжих боломжтой болдог байна.
Түүнчлэн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээдэд элсэн
орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй үйл ажиллагаануудад хамрагдах замаар
хамтын ажиллагаагаа бэхжүүлж, боловсон хүчний болон бусад үйл ажиллагааны
чадавхиа нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Хомын тал нь 2020 онд 411,403 га талбайтайгаар байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад орсон.
Хомын талын
байгалийн цогцолборт газар нь Монгол орны говь хээрийн бүсийн шинж төрхийг
хадгалсан өвөрмөц тогтоцтой бөгөөд төв хэсэгт нь сийрэг ургамалжилт бүхий
цөлжүү хээр, хуурай хээрийн хэв шинж зонхилдог. Хар нуур ба Дөргөн нуурын
эргээр зэгсэн шугуйтай, нутгийн хойгуур орших Завхан голын хөндийд үржил шимт
голын нуга байдаг ба бага хэмжээний элсэн тарамцагтай, амьдрах орчны олон янз
байдал хосолсон байгалийн өвөрмөц иж бүрдэл бүхий нутаг юм.
Францын Тахь хамгаалах холбоо, Дэлхийн байгаль хамгаалах
сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхий ба сорилын
биологийн хүрээлэн зэрэг холбогдох байгууллага хамтран суурь судалгаа явуулсны
үндсэн дээр Хомын талыг тахь нутагшихад нэн тохиромжтой нутаг хэмээн үзэж, тахь
сэргээн нутагшуулах Монгол орны гурав дахь газраар сонгон авч байсан юм хэмээн
Хомын талын тахь ТББ-аас мэдээлэв.
ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөр нь хүн ба хүрээлэн буй орчны харилцаа холбоог сайжруулах зорилгоор 1971 онд хэрэгжиж эхэлсэн ба биологийн төрөл зүйл, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах, тэдгээрийн тогтвортой хэрэглээг дэмжиж ирсэн.
Хүн ба шим мандал хөтөлбөрийн
хүрээнд зохих шалгуур хангасан газар нутгуудыг Шим мандлын нөөц газруудын
дэлхийн сүлжээнд “Шим мандлын нөөц газрууд” гэдэг нэрээр бүртгэдэг.