ЗАВХАН: 120 жилийн өмнөх газрын сорвины жим
ФОТО МЭДЭЭ
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн зуунд монгол нутагт маш хүчтэй газар хөдлөлт болсон нь 1905 оны зун буюу 7-р сарын 9, 23-нд болсон газар хөдлөлт юм. Увс, Завхан, Хөвсгөл аймгийн газар нутгийг дамнасан энэхүү газар хөдлөлтөөс үүссэн газрын гав одоо ч бий.
Уг газар хөдлөлт нь Увс нуурын урдханаас Хан Хөхийн нурууны
дагуу Модон даваа, Цагаан нуур, Зүүнхангай сум, Завхан аймгийн Сонгино сумын
Цавдан, Түдэвтэй сумын Ойгон, Тэлмэн сумын Бүст нууруудын араар өнгөрчээ. Мөн
Булнайн нурууг арлан, Хөвсгөл аймгийн нутаг дахь Тэсийн голын эхийг дамжин,
Сангийн далай нуурын өмнө эрэг хүрч 500 орчим километр урт том хагарал
үүсгэжээ.
Газар хөдлөлтийн энэ хагарал нь 2.3-5.8 метр өргөн, 1-5
метрийн гүн, зарим хэсэгт 10-100 метр өргөн, 20-60 метр гүн олон том жижиг
ангал үүсэж, хүн мал сүйджээ. Энэ үйл явдлаас хоёр сарын дараа Оросын эрдэмтэн
А.В.Вознесенский ердийн хөсгөөр ирж тухайн хагарлыг судлаад газар хөдлөлтийн
хүч 11-12 балд хүрч, 7 сая ам дөрвөлжин километр газар нутгийг хамран доргисон
байна гэдэг дүгнэлтийг хийжээ.
Булнайн нурууны арын хагарлын үеэр хонь хариулж явсан айлын
хүү хоньтойгоо орчихсон. Хэдэн хоног хагарлын гүнээс хонь майлах дуу гарч
байсан гэж нутгийн настай хүмүүс ярьж байсан гэдэг хууч одоо ч бий.
Завхан аймгийн уугуул, байгалийн гэрэл зурагчин,
Пүрэвхүүгийн Баатарзоригт таван жилийн өмнө “117 жилийн өмнөх аниагүй газрын
сорвины жимээр” нэртэй цуврал зургийг гэрэл зургийн хальснаа буулгаж олны
хүртээл болгожээ.
Тэрээр дээрх нутгуудаар явж байх үедээ нутгийнхнаас сонссон сонирхолтой түүхийг гэрэл зурагт мөнхөлсөн байна.
Баруунаас зүүн тийш чиглэсэн дарааллаар аялж зургаа авсан. Зураг тус бүр дээр холбогдох байршлыг мөн тэмдэглэж оруулан цахим орчинд хуваалцаж байсан.
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Цагаан-Уул, Бүрэнтогтох сум болон Завхан аймгийн Их-Уул сумын нутагт орших Сангийн далай нуурын урд хэсгээс Булнайн нурууны хойд хэсгийг даган Ханхөхийн нуруу тийш үргэлжлэх газрын хагарал.
Завхан аймгийн Баянхайрхан сумын нутаг, Агьт уулын өвөр, Сантын овооны орчим.
Увс аймгийн Зүүнхангай сумын Баруун дааган уул харагдана, түүний наана Завхан аймгийн Сонгино сумын Цавдан нуур, Сонгино, Баянхайрхан сумдын нутагт орших Газрын гав, түүнд тогтсон нуурууд, үдийн гэгээ тасрах цагаар.
Газрын хагарал Завхан аймгийн Тэлмэн,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумдын залгаа нутаг Буга-Өндөрийн өвөр тийш үргэлжилнэ.
Гэрэл зургуудийг: П.Баатарзоригт