“Улаанбаатар Амазонс” Азийн аваргуудын лигт анхны ялалтаа байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн тоглолт БНХАУ-д үргэлжилж байна.
Зургаан орны лигийн аваргууд өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улсаас 2023, 2025 оны аварга “Улаанбаатар Амазонс” оролцож байгаа юм. Тэд эхний тоглолтдоо Хятадын “Донгуан Нью Сентури” багт 16 онооны зөрүүтэй хожигдсон. Тэгвэл өчигдөр Тайванийн дээд лигийн 16 удаагийн аварга “Катай Лайф”-ыг 88:82-оор буулган авлаа. Ингэснээр Азийн лигийн түвшинд анхны ялалтаа байгуулж, түүхийн хуудсыг шинээр нээж байна.
Тус тоглолтод Амари Жонсон 30 оноо, 10 самбар, хоёр бөмбөг таслалт, хоёр дамжуулалт гүйцэтгэжээ. Харин Вьетнамаас ирсэн легионер Кайлих Труонг 20 оноо, гурван самбар, хоёр дамжуулалт өгч, хоёр удаа бөмбөг тасалсан байна. Түүнчлэн О.Хулан 19 оноо, таван самбар, нэг хаалт, гурван удаа бөмбөг тасалсан бол Б.Ариунцэцэг 13 оноо, есөн самбар, дөрвөн бөмбөг таслалт гүйцэтгэжээ. О.Хулан, Труонг, Амари нар талбайд 40, Б.Ариунцэцэг 30 минут тоглож бай аж.
Өнөөдөр Хятадын “Донгуан”, Тайванийн “Катай”-тай хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Хятадын баг хожвол “Улаанбаатар Амазонс” хэсгээсээ шалгарч, хагас шигшээд үлдэх юм.