Нисэхийн хурдны замыг Эмээлттэй холбох 16 км авто зам тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нисэхийн хурдны замыг Эмээлттэй холбох 16 км зам шинээр тавина.
Энэ нь Яармаг,
Сонсголон орчмын авто замын ачааллыг багасгахын тулд Яармагаас Богд уулын араар Нисэхийн тууш замтай холбох
10.8 км замын үргэлжлэл юм. Нийт 16
км урт, дөрвөн эгнээ байх тус авто замыг ирэх онд
багтаан ашиглалтад оруулахаар
төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатар, “Яармагийг Нүхтийн шороон зам дагуу Нисэхийн хурдны замтай холбож, замуудын огтлолцох хэсэгт гүүрэн байгууламж барина. Зам нь “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын хашаа дагуу үргэлжилнэ. Цаана нь Туул
гол дээгүүр гүүр тавьснаар Хурганы сангийн аж ахуй тийш өгсөн Эмээлт рүү нийлэх юм. Ингэснээр баруун аймгаас ирэх авто машин Улаанбаатар луу
орохгүйгээр Нисэхийн хурдны замаар Төв аймгаар явах боломжтой болно. Мөн “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлаас ирж буй баруун аймгийг чиглэсэн зорчих хөдөлгөөн
нийслэлээр дайрахгүй гарна. Замын-Үүдээс баруун
аймгийг чиглэх ачаа бараатай авто машин ч Яармаг,
Сонсголонгийн түгжрэл рүү оролгүй Сонгинохайрхан уулын баруун талаар тойрч явах боломжтой. Энэ замыг барьж дуусгавал Яармаг, Сонсголонгийн авто замын ачаалал 10 хувиар багасна. Ажлын зургийг эцэслэн, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн” гэжээ.