Алеппо хотын оршин суугчдад анхааруулга өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-11-14 13:28:39

АЛЕППО. /CNN/. Алеппо хотын зүүн хэсгийн иргэдэд “бөмбөгдөлт эхлэхээс өмнө 24 цагийн дотор хотоос гарч явах хэрэгтэй” гэсэн анхааруулга өгчээ.

Анхааруулгыг текст мессежээр илгээж, өндөр нарийвчлалтай зэвсгээр цохилт өгөхөөс өмнө 24 цагийн дотор хотоос гарч явахыг өвчтэй болон шархадсан хүмүүст анхааруулжээ.

Үүнээс гадна босогчдыг зэвсгээ хураалгахыг тулган шаардсан байна.

Алеппо хотод сөнөөгч онгоцуудыг байрлуулсан бөгөөд хотод мөргөлдөөн гарч байна гэж гэрчүүд “CNN” агентлагт мэдээллээ.

Сирид иргэний дайн дэгдсэний улмаас Алеппо хотод олон хүн амиа алдаж, их хэмжээний хохирол учирсан билээ.

Алеппо хотын зарим хэсэг нь Сирийн Засгийн газрын хяналтад байгаа бөгөөд энэ хэсэгт 1.5 сая иргэн амьдарч байгаа бол 250-275 мянган орчим хүн босогчдын хяналтад байгаа бүст байна гэж НҮБ мэдээлэв.

Өнгөрсөн долдугаар сард 200 мянга орчим хүн хоёр өдрийн хугацаанд хотоос гарч явсан гэж НҮБ-ын төлөөлөгч Олон улсын улаан загалмайн хороо болон Сирийн Арабын Улаан хавирган сар нийгэмлэгийн мэдээлэлд үндэслэн мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Связанные новости