Палестиныг хүлээн зөвшөөрч байгаагаа Франц улс зарлан мэдэгдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-23 09:01:36

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 23 /AP/. Газын зурваст дайн үргэлжилж байгаа энэ үед Бүгд Найрамдах Франц Улс даваа гарагт Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Ойрх Дорнодын мөргөлдөөнийг хоёр улсын шийдлээр зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой НҮБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Израил, АНУ-ын байр суурийг үл харгалзан олон улс орон ийм мэдэгдэл хийх төлөвтэй байна. 


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн танхимд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны хийсэн мэдэгдлийг дэлхийн улс орнуудын 140 гаруй удирдагч алга ташин хүлээж авчээ. Палестины төлөөлөгчид, тэр дундаа НҮБ-д суугаа ажиглагч Рияд Мансур уг мэдэгдлийн үеэр босож зогсон алга ташиж байгаа нь харагдана.


Манай улс Ойрх Дорнод, израилчууд, палестинчуудын хооронд энх тайвны төлөөх түүхэн амлалтдаа үнэнч байгаа учраас миний бие өнөөдөр Францын тал Палестин улсыг хүлээн зөвшөөрснийг зарлаж байна” гэж Э.Макрон мэдэгджээ.


Их Британи, Канад, Австрали, Португал улсууд Палестин улсыг хүлээн зөвшөөрснөө зарласнаас нэг хоногийн дараа Андорра, Бельги, Люксембург, Мальта, Монако улсууд мөн ийм шийдвэр гаргаснаа зарласан ба баталгаажуулсан байна. Уг бага хуралд Герман, Итали, Япон улсууд оролцсон боловч Палестиныг хүлээн зөвшөөрсөнгүй.


Гэхдээ энэ удаагийн уулзалт болон Палестины тусгаар тогтнолыг өргөн хүрээгээр хүлээн зөвшөөрөх нь Израилын тал Газын зурваст ээлжит томоохон довтолгоогоо хийж, эзлэгдсэн Баруун эрэг дэх суурин газруудыг өргөжүүлж байгаа явдалд төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж шинжээчид үзэж байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэхдээ, палестинчуудын улсыг хүлээн зөвшөөрөх нь шагнал биш харин эрхийн асуудал мөн гэлээ. Ингэснээр хоёр жилийн өмнө Газад халдлага үйлдэж дайныг эхлүүлсэн ХАМАС бүлэглэлийнхнийг шагнаж байна хэмээн үзэж буй Израилын засгийн газрын байр суурийг няцааж байгаа бололтой.

 


Связанные новости