Унгарын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга ГИХГ-ын үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-22 15:44:37

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын урилгаар Унгарын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газрын дарга, хошууч генерал Сандор Гомбос тэргүүтэй төлөөлөгчид манай улсад албан айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд Сандор Гомбос тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцан, албан уулзалт хийжээ. Уулзалтаар хоёр орны ижил чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хийх ажил, албан хаагчдыг урт болон богино хугацааны сургалтад хамруулах, харилцан туршлага солилцох чиглэлээр ярилцсан байна.


Энэ үеэр ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр “Гадаадын иргэн, харьяатын газар Европын орнуудаас Унгарын Гадаад иргэдийн бодлого зохицуулах ерөнхий газартай үр өгөөжтэй, идэвхтэй хамтран ажиллаж байна. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2023 оноос эхлэн 10 гаруй албан хаагч Унгарт богино хугацааны сургалтад хамрагдаж, тус улсын цагаачлал, шилжилт хөдөлгөөний салбарт хэрэгжүүлж буй бодлого, туршлагаас суралцсан нь тэдний чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Цаашид тус сургалтын хөтөлбөрийг илүү нарийвчилж, практик дээр танилцах сургалтаас гадна Европын Холбооны гишүүн орнуудын цагаачлал болон визийн бодлогыг онолын болоод судалгааны түвшинд судлах, баримт бичгийн хуурмаглалыг таних, судлах хөтөлбөрийг тусгах саналтай байна. Мөн энэхүү үр өгөөжтэй хамтын ажиллагаанд тулгуурлан Европын Холбооны бусад гишүүн оронд ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлэх, түншлэл тогтоох хүсэлтэй байна” гэв.


Түүнчлэн энэ үеэр Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олголт, цахим үйлчилгээний нэгдсэн системийн үйл ажиллагааг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх бодлого, шийдвэрийн хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар үйл ажиллагаандаа инновац, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн 2024 оноос виз, зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжсан. Үүнийг дагаад сүүлийн хоёр жилийн хугацаанд цахимаар үйлчилгээ авсан иргэдийн тоо 14 дахин өссөн үзүүлэлттэй байна.



 

Связанные новости