БАЯНХОНГОР: Ойн мэргэжилтнүүд туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-22 13:24:07

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн сум дундын ойн ангийн таван албан хаагч БНХАУ-ын Гансу мужийн “Цөлжилттэй тэмцэх судалгааны хүрээлэн”-д богино хугацааны сургалтад хамрагдлаа.


Сургалт, дадлагаар ногоон байгууламжийг бий болгох арга туршлага, цөлжилтийг бууруулах орчин үеийн техник, технологи, байгаль хамгааллын олон улсын туршлагуудтай танилцан ур чадвараа дээшлүүлж, цаашдын ногоон хөгжлийн зорилтоо бодит ажил хэрэг болгоход мэргэжил арга зүйн мэдлэгээ нэмсэн байна.

Говь, тал хээр, хангай хосолсон газар нутгийн онцлогтой Баянхонгор аймгийн ойн сан нийт 820.681 га талбайг эзэлж байгаа нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 7.08 хувь нь юм. Тус аймгийн ойн сан бүхий газар нутгаас Богд, Баянлиг, Баянговь, Баацагаан, Баян-Өндөр, Жинст, Шинэжинст сумын 787.246 га талбайд заган ой, Баян-Овоо, Өлзийт, Галуут, Жаргалант, Эрдэнэцогт сумын 33.435 га талбайд шинэсэн ой ургаж байна. Аймгийн хэмжээнд Сум дундын ойн анги нэг ажиллаж байгаа бол ойн 12 нөхөрлөл үйл ажиллагаа явуулдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймаг 2030 он хүртэл 20 сая модыг үе шаттай тарьж ургуулах зорилт тавьсан. 2023 он хүртэл бэлтгэл үе шат үргэлжилсэн бол 2024-2026 эрчимжүүлэх үе шат, 2027-2030 оныг тогтвортой үргэлжлэх үе шат гэж төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагаа нь цөлжилт, элсний нүүдэл, газрын доройтлыг бууруулах, доройтсон ойг нөхөн сэргээх, авто замын дагуух хамгаалалтын ойн зурвас байгуулах, уул уурхайн эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой.

Баянхонгор сум элсний нүүдлийг сааруулах, ойн санг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн хотын хойноос баруун хэсэг хүртэлх таван км зурваст зургаан төрлийн 20 гаруй мянган мод тарьсан байна. Мөн усалгааг шийдвэрлэж усалгааны системүүдийг суурилуулж ойн зурвасыг моджуулах ажил үе шаттайгаар хийж байгаа юм.

Связанные новости