БАЯНХОНГОР: Чин Сүжигт Номун ханы хүрээ 274 жилийн түүхтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-19 10:26:01

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Анх Манжийн хаан Эрдэнэ ноён Лувсанноровшаравт Чин сүжигт Номун хан цол олгосноор 1751 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын гуравдугаар багийн нутагт Чин Сүжигт Номун ханы хүрээг байгуулсан түүхтэй.


Тухайн үедээ алтан шунхан ганжираа гялбуулсан 24 дуган, 4 дацан, 700 гаруй лам хувраг, Ганжуур, Данжуурын бартай долоон сүмбэн зохиолтой бурхны шашны томоохон төв байсан бөгөөд зургаан гэгээн, гурван хутагт тодорсон байна.

Чин сүжигт Номун хан Лувсанноровшаравын удаа дараагийн дүр хувилгаадын зохиосон "Гүр дууны бичиг" хөгжмийн бүтээл нь 18 дугаар зууны томоохон туурвилын нэг юм. Гүр гэдэг нь эртний Энэтхэг, Төвдийн утга соёлын зүйлээс дамжин ирж, Монголчуудын шашны зан үйл, түүний дотор сүм хийдийн найрын дуу хөгжмийн төрөл үлэмж дэлгэрсэн нэгэн зүйл дууны төрөл бөгөөд гүр дууны нотыг “Ян-иг” гэдэг. Гүр дууны нот буюу "Ян-иг"-ийг Чин сүжигт Номун ханы анхдугаар хувилгаан Лувсаншийрав /1701-1768/, 2 дугаар хувилгаан Лувсандандарванчиг /1760-1827/, 3 дугаар хувилгаан Бадамдорж /1830-1882/ нар зохиосон байна. Урлагийн энэ ховор нандин үзмэр Баянхонгор аймгийн музейд хадгалагдаж байдаг.


Чин сүжигт номун хан хутагт Лувсанноровшарав нь Түмэнхэн сайн ноёны арван нэгдүгээр хүү Сангарза илдэн хошуучийн их хүү Дугар илдэн хошуучийн хүү Шар илдэчийн гэрт 1701 онд төржээ. Лувсанноровшарав бага наснаас Өндөр гэгээн Занабазарыг дагалдан ном эрдэмд суралцсан бөгөөд хожим Төвдөд суралцаж, Ордос газар шашны үйлсийг эрхлэн байгаад 1752 онд уг нутагтаан буцан иржээ.


1755 онд Зүүнгараас дагаар ирсэн хойдын ноён Амарсанаагийн албат ардууд оргож босохыг завдсанд Лувсанноровшарав шавдан очиж засан тохинуулж суулгасан байна. 1755 онд жанжин Цэнгүнжавын айлтгаснаар Манжийн хаанаас Лувсанноровшаравт Чин сүжигт номун хан цол “Халхын Эрдэнэ ноён цоржийн харьяат шавь нарыг бүгд захирах тамга” хэмээх цутган олгуулж харьяат шавь нарыг захируулжээ. Тус шавийн нутаг нь баруун талаараа Эрдэнэ засгийн хошуу, зүүн хойт талаараа Сэцэн засгийн хошуу, зүүн болон урд талаараа Цогтой засгийн хошуутай зах нийлж Хангайн нурууны энгэрт оршиж байв. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус шавийг Сайн ноён хан аймагт захируулжээ.


Улмаар 1925 онд тус шавийг Цэцэрлэг мандлын аймгийн Баянхонгор хайрхан уулын хошуунд нэгтгэсэн байна. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус шавийн хуучин нутаг нь одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт багтан орсон түүхтэй.

Связанные новости