Умард Солонгосын 260 хүнтэй баг Азийн наадамд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-18 11:32:54

ТОКИО, 2025 оны есдүгээр сарын 18 /Kyodo/. Японд ирэх онд болох Азийн наадамд 260 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багаа илгээхээр төлөвлөж байгаагаа Умард Солонгосын тал мэдэгдсэн тухай энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ


Ирэх оны есдүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний хооронд Аичи муж болон Нагоя хотод болох Азийн наадмыг зохион байгуулах хороонд Умардын талаас хүргүүлсэн мэдэгдэлд дурдсанаар, багийн бүрэлдэхүүнд хөл бөмбөг зэрэг 17 төрөлд өрсөлдөх 150 орчим тамирчин багтсан байна. 


Умард Солонгостой дипломат харилцаа тогтоогоогүй байгаа Япон улс удаа дараа баллистик пуужин харваж буй Умард Солонгосын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг ерөнхийд нь хориглож байгаа тул дээрх мэдэгдэлд ямар хариу өгөхөө нухацтай хэлэлцэх ажээ.


Япон улс 2024 оны 2, 3 дугаар сард Умард Солонгосын олон арван тамирчныг хөл бөмбөгийн тэмцээнд оролцохыг зөвшөөрч, спортын тэмцээн уралдаанд оролцох нь хориг арга хэмжээнд хамаарахгүй гэдгийг онцолж байв.


COVID-19” цар тахлын үед хилийн хяналтаа чангатгасан Умард Солонгосын тал 2021 онд болсон Токиогийн Олимпын наадамд баг тамирчдаа илгээгээгүй юм. Харин 2023 оны 9-10 дугаар сарын хооронд БНХАУ-ын Ханжөү хотод болсон Азийн наадам, 2024 онд Парист болсон зуны Олимпод тамирчдаа илгээсэн билээ.


Дөрвөн жил тутамд зохиогддог Азийн наадам 1994 онд Хирошима хотод болсноос хойш гурав дахь удаагаа Японд болох гэж байна. Умард солонгосчууд 1994 оны наадамд тамирчдаа оролцуулаагүй бол 2017 онд Японы хойд нутгийн Саппоро хотноо болсон Азийн өвлийн наадамд тус улсын долоон тамирчин оролцож байв.

 


Связанные новости