Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн өчигдөр төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулав. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг онцоллоо.
-Монгол Улсын 2026 төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. Энэ нь төсвийн удирдлагын зарчим, сахилга батыг сулруулж, дунд хугацааны төсвийн төлөвлөлтийн ач холбогдлыг бууруулахад хүргэж байна.
-Төсвийн төслийг боловсруулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн уялдааг хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагуудын салбар хоорондын уялдаа хангалтгүй, тооцоо судалгаа, мэдээллийн эх сурвалж зөрүүтэй байгаа. Энэ нь хөгжлийн бодлогын баримт бичгийн нийцэл бүрэн хангагдахгүй, холбогдох хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байх эрсдэлтэй байна.
-Төсвийн
ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлаар хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн
хүрэх үр дүнг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдтэй уялдуулахгүй
байгаа нь төсвийн төлөвлөлтийн үр ашгийг бууруулж байна.
-Монгол
Улсын 2026 оны төсвийн орлого тасрах эрсдэл үүссэн нөхцөлд төсвийн зарлагыг
санхүүжүүлэх, үүсэх эрсдэлийг бууруулах төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээ
төсвийн бодлогод тодорхой тусгагдаагүй байгааг онцлон анхааруулсан.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийг Төсвийн тогтвортой
байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж, “Алсын хараа-2050”
хөгжлийн бодлого болон Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Засгийн газрын
2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агуулгын хувьд нийцэж байна гэж дүгнэжээ.