ЗАВХАН: Аймгийн музейд хадгалагдаж буй танка зургуудийг сэргээн засварлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-12 15:40:10

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн музейд хадгалагдаж буй 72 ширхэг танка зургийг сэргээн засварлажээ.


Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлах газрын баг өнгөрсөн долоодугаар сард аймгийн музейд ажиллаж танка зураг сэргээн засварлах ажлыг хийсэн.


Завхан аймгийн музейн нийт 72 ширхэг танка зургийг сэргээн засварласан юм. Тухайн зураг, үзмэрийн гэмтлийн зэргээс хамааран цэвэрлэгээ болон бэхжүүлэлт нөхөлт хийсэн. Сэргээн засварлах ажлыг олон улсад баримталдаг зарчим, стандарт болон дотоодод мөрдөж буй хууль, дүрэм, журмын дагуу гүйцэтгэсэн. Эдгээр сэргээн засварласан танка зургууд нь XVII-XX зууны үеийн зургууд юм.


Монголчууд шүтээн зураг, эрдэнэт зураг, бурхан зураг хэмээн нэрлэж байсан энэхүү зургийн төрлийг дэлхий дахинаа "Танка" гэж нэрлэдэг.


Танка гэдэг нь утгачилбал хавтгай, дэлгэмэл гэсэн утгатай төвөд үг. Дэлгэмэл зураг буюу хавтгай дээр зурсан зураг гэсэн утгатай юм. Танка зураг нь биеийн нарийн харьцаа, шашны сэдэвт үлгэр домгийн бэлгэдэл, уран сайхны хэтрүүлэг, өнгө будгийн зохицол бүхий бурхдын дүр хөрөг зураг юм.


Танка буюу “Шүтээн” зургийг бурхны шашинд нэвтэрсэн бурхан зураач буюу бурхан урлаач нар зурна. Тухайн бурхныг зурахдаа бодийн сэтгэлийг үүсгэж бүхий л үйлээрээ бясалгал үйлдэж байгаа мэт бүтээн зурдаг онцлогтой юм гэж Завхан аймгийн музейн дарга Ж.Юнрэндорж ярилаа.


Ташрамд, Соёлын өвийн үндэсний төвийн Сэргээн засварлах газрын баг Завхан аймагт ажиллах үеэрээ аймгийн музейн ажилтнуудад сургалт явуулжээ. Даавуу зөөлөн эдлэлийн сэргээн засварлагч О.Онон “Соёлын биет өвийн сэргээн засварлалт” сэдвээр сургалт хийж зөвлөн тусалсан байна.



 

Связанные новости