ЗАВХАН: "Хавдаргүй монгол эмэгтэй" төслийн багийнхан 2100 гаруй хүнийг эрт илрүүлэгт хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монголын
эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан хэрэгжүүлж байгаа нийгмийн зорилтот “Хавдаргүй
монгол эмэгтэй" төслийн багийнхан 9 дэх сумандаа ажиллаж байна.
Төслийн багт ХБНГУ-ын Senior Experts Service /SES/ зөвлөх эмч, ХСҮТ-ийн хөхний төвийн зөвлөх эмч, хөх эмэгтэйчүүдийн хорт хавдрын нарийн мэргэжлийн эмч Uwe Kullmer, ХСҮТ-ийн “Хөхний төв”-ийн эрхлэгч, хөхний хавдрын нарийн мэргэжлийн эмч П.Батсүх болон уролог, эмэгтэйчүүдийн эмч нар ажиллаж байна.
Завханы 24 суманд хүрч ажиллах төслийн багийнхан умайн хүзүү
болон хөхний хорт хавдар, түрүү булчирхайн эрт илрүүлгийн үзлэг оношилгоог хийж иргэдэд зөвлөн тусалж байна. Давхардсан тоогоор 8 сумын 2111 хүнд
эрт илрүүлгийн үзлэг оношилгоог хийсэн байна. Үүнээс хоргүй хавдар 49, хорт
хавдрын сэжигтэй тохиолдол 22, түрүү булчирхайн хорт хавдар 3, элэгний хавдар 2
оношлогдсон байна. Төслийн баг өнөөдөр Сонгино суманд ажиллаж байна.
Төслийн багийн эмч нар эрт илрүүлгийн үзлэг оношилгоог
хийхийн зэрэгцээ сумын эрүүл мэндийн төвийн эмч нарт зөвлөн туслах ажлыг хийж
байна. Эмэгтэйчүүдийн холбооноос сум бүрийн иргэдтэй уулзаж “Дулаахан” нэртэй гэр
бүлийн хүчирхийлэл, папиллома вирусний хор уршиг, хүүхэд хамгааллын талаар
ярилцаж таниулах мэдээлэл өгч байна. Мөн өсвөр үеийнхэнд зориулсан "Нандин"
уулзалтаар дэлгэцийн дон, мэргэжил сонголт, үе тэнгийн дээрэлхэлтийн талаар
ярилцаж зөвлөн тусалж байна.
Отгон сумаас наймдугаар сарын 31-нд эхлүүлсэн энэхүү үйл ажиллагаа 10 дугаар сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилнэ хэмээн МЭХ-ны Завхан аймаг дахь салбараас мэдээлэв.
ХСҮТ-ийн хөхний төвийн зөвлөх эмч, хөх эмэгтэйчүүдийн хорт хавдрын нарийн мэргэжлийн эмч Uwe Kullmer
Хавдаргүй монгол эмэгтэй төслийн багийнхан 2100 гаруй хүнд үзлэг оношилгоог хийжээ