ЗАВХАН: Улаан хальст саримсыг 50 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-11 16:02:35

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймаг хүн амынхаа хэрэгцээт саримсны 85 хувийг нь дотоодоосоо хангадаг.


Аймгийн төв, Улиастай суманд улаан хальст саримсыг ихэвчлэн тариалдаг. Өнгөрсөн хавар Улиастай сумын хоёр аж ахуйн нэгж, 139 өрх 15.91 га талбайд улаан хальст саримс тариалжээ.


Сумын хэмжээнд саримсны ургац хураалт 85 хувьтай байна. Улаан хальст саримсны эрэлт жилээс жилд нэмэгдэхийн хэрээр тариаланчдаас гадна айл өрхүүд жил бүр хэрэгцээнийхээ саримсыг тариалдаг. Зах зээл дээр хямд борлуулдаг үе бол шинэ ургацын энэ цаг үе байдаг.


Улаан хальст саримс нь эрүүл хөрсөнд, тусгай технологийн дагуу маш бага талбайд тариалж, ургац авч байгаа учраас үнийн хувьд зах зээлд багагүй үнэтэй борлуулдаг.


Мөн саримсны олдоц жилийн дөрвөн улиралд харилцан адилгүй байдаг.  Улиастайд улаан хальст саримс талбай дээрээ 1кг нь 50 мянган төгрөг, зах худалдааны төвүүдээр 55-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Улиастай, Алдархаан сумын 600 гаруй өрх жил бүр их, бага хэмжээгээр саримс тарьж байна. Өөрөөр хэлбэл нийт тариаланчдын 30 гаруй хувь нь саримс тарьж, ургац авч байна.


Завхан аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, бодлогоор "Улаан хальст саримс"-ны тариалалтыг орон нутагтаа өргөжүүлж, нутгийн брэнд бий болгохоор ажиллаж бодит үр дүнд хүрч байна.


Учир нь “Завханы улаан хальст саримс” аймгийн дэд хөтөлбөрийг үе үеийн шийдвэр гаргагчид уламжлан хэрэгжүүлж ажилладаг. Завханы саримс нь онцгой найрлагатай төдийгүй, зөвхөн энэ нутгийн хөрсөнд тохирч ургадаг ургамал юм. Тиймээс улаан хальст саримсны тариалалтыг нэмэгдүүлэх, өргөжүүлэх ажлыг эрчимтэй хийж, бодлогоор жил бүр саримс тариалах тариланчид, иргэдийг дэмжиж ажиллаж байгаа гэж Улиастай сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэн Н.Намжилмаа ярилаа. 


Ташрамд, Завхан аймагт 300 гаруй жилийн тэртээгээс тариалж эхэлсэн энэхүү саримс нь бусад саримсаас шимт бодисын агууламж өндөр антиоксидантаар баялаг, ааг сайтай гэдгээрээ онцлогтой. Улаан хальст саримс нь час хийсэн амттай учраас нэг хумс нь бусад саримсны 4-5 хумстай дүйх аагтай байдаг. Тиймээс 1 кг саримс нь бүтэн жилийн хэрэгцээг хангах боломжтой ажээ.

Улаан хальст саримсны ургац хураалт 85 хувьтай байна.

 

Связанные новости