Монголын таван боксчин медалийн төлөө тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Английн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа билээ.
66 орны 540 тамирчин өрсөлдөж буй энэхүү тэмцээний медалийн төлөөх тулаанууд өнөөдрөөс эхэлж байна. Манай улсаас 10 тамирчин өрсөлдсөнөөс тав нь медалийн төлөө шалгарч үлдэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Л.Алтанцэцэг Японы Хиккарү Шинохаратай, 51 кг-д Б.Мөнгөнсаран Узбекистаны Феру Казаковатай, эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Филиппиний Барикуатро Жей Брайнтай, 55 кг-д Х.Билгүүнсайхан Испанийн Серрона Рафаэльтай, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ Английн Камара Оделтэй хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Манай таван тамирчнаас Х.Билгүүнсайхан, О.Бямба-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран нарын тулаан өнөөдөр, бусад тамирчных маргааш болох хуваарьтай байна.
Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 16 медаль
хүртсэн бөгөөд анхны медалийг
1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан бол отгон
медальтан нь гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д
хүрэл) нар юм.