Жүдогийн шигшээ баг Токио, өсвөрийн жүдочид Сочиг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-04 10:21:30

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын жүдочид өсвөр болон насанд хүрэгчдийн ангиллын 2025 оны сүүлчийн тэмцээндээ оролцохоор оролцохоор эх орноосоо мордлоо.


Тодруулбал, насанд хүрэгчдийн шигшээ багийнхан Японы Токио хотод нөгөөдөр эхлэх “Их дуулга”-д оролцохоор дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, М.Бундмаа, Б.Хишигбаяр нарын удирдлагад 16 тамирчны бүрэлдэхүүнтэй явав. 


Харин Х.Цагаанбаатар, Д.Алтансүх дасгалжуулагчтай өсвөрийн жүдочид ОХУ-ын Сочи хотод энэ сарын 6-нд эхлэх лигийн тэмцээнд оролцохоор хилийн дээс алхав. Энэхүү тэмцээнд ОХУ-ын шилдэг 24, Монгол, Солонгос, Куба, Грек, Бразил, Словен, АНУ-аас 8, нийт 32 баг тойргоор барилдана. Багийн бүрэлдэхүүнд 50 кг-д А.Бум-Эрдэнэ, 55 кг-д Д.Алтанцоож, 60 кг-д Н.Тэгш-Очир, Б.Цолмон-Од, 66 кг-д Б.Хангал, 73 кг-д Б.Далайцэрэн, 81 кг-д Б.Тэмүүлэн, Б.Мөнгөндөл, -90 кг-д Н.Амартүвшин, +90 кг-д Г.Мөнгөнбагана нар зодоглох аж.


Тус тэмцээнд олон улсын А зэрэглэлийн шүүгч М.Нямжаргал шүүгчээр ажиллах бол Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл багийг ахалж байна. 100 сая рублийн шагналын сантай өсвөрийн лигт зодоглох манай баг “А” хэсэгт багтсан бөгөөд эхний барилдаанаа энэ сарын 6-нд Краснадорын эсрэг хийнэ. Лигийн аварга баг энэ сарын 19-нд тодрох ажээ.




Связанные новости