Балбын Ерөнхий сайд огцорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ШИНЭ ДЕЛИ, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Балбын Ерөнхий сайд Шарма Оли орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалуудтай холбоотойгоор огцорсон гэж түүний туслах Пракаш Силвал мэдээлжээ.
Балбын Ерөнхий сайд улс даяар үргэлжилж буй жагсаалтай холбоотойгоор цэргийн командлагч генерал Ашок Ражу Сигделээс нөхцөл байдлыг хянахад туслалцаа үзүүлэхийг хүсжээ. “India Today” телевизээр мэдээлснээр, генерал Ерөнхий сайдад огцрохыг санал болгосон бөгөөд зөвхөн үүний дараа л цэргийн хүчээр нөхцөл байдлыг тогтворжуулах боломжтой гэжээ.
Тус улсын нийслэл Катманду хотод “Z үеийн хувьсгал” нэртэй жагсаал болж, мянга мянган жагсагч оролцжээ. Тэд сошиал сүлжээ, мессенжерийн үйлчилгээг хязгаарласан Засгийн газрын шийдвэр болон авлига хээл хахуулийг эсэргүүцсэн байна. Жагсагчдын ихэнх нь залуучууд байсан бөгөөд "India Today" телевизийн мэдээлснээр, хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдын эсрэг буу, ус шүршигч, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Энэ үеэр 19 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Жагсаал мөн тус улсын бусад томоохон хотуудад өрнөсөн байна.
Балбын Засгийн газар Facebook, Instagram, WhatsApp (Meta корпорацад харьяалагддаг) болон Холбоо, мэдээллийн технологийн яаманд тогтоосон хугацаанд бүртгүүлээгүй бусад нийгмийн сүлжээний үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох шийдвэрийг есдүгээр сарын 4-нд гаргажээ. Харин есдүгээр сарын 9-нд уг хязгаарлалыг цуцалсан байна.